УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, 31 дэмжин 79.5 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд өөрсдийн санал, асуулт тавьж байв.
Ж.Энхбаяр гишүүн ярихдаа “Хуулийн төслийг дэмжиж байна, “Засгийн газар ОУВС-тай гэрээ хийхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өөрчлөхдөө эдийн засаг сэргэсэн үед цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг дордуулсан шийдвэрээ эргэн харна гэж амлалт өгч байсан. Гэтэл үүнийгээ залруулаагүй удсанаас болоод Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт ажиллаж буй мэргэшсэн олон залуус эрт тэтгэвэрт гарах, ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт өгсөн. Тиймээс УИХ энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай ” гэв.
УИХ-ын гишүүн М.Билэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар энгийн иргэдийн тэтгэврийг ч долоон жилийн цалингийн дунджаар тооцох болсон. Зөвхөн цэргийн алба хаагч бус энгийн иргэдийн тэтгэвэр тогтоохтой холбоотой хугацааг ч мөн засварлах шаардлагатай” гэлээ.О.Баасанхүү гишүүн “Эх орноо батлан хамгаалах тангараг өргөсөн хүн мөнгөний төлөө ажлаа өгч болохгүй” хэмээн шүүмжилсэн юм.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (1)