Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сан, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.
2018 оны эхний 10 сарын байдлаар БЗДХ-ын 13127 тохиолдол бүртгэгдсэний 33.9 хувийг заг хүйтэн, 38.2 хувийг тэмбүү, 27.8 хувийг трихомониазын халдвар, 0.1 хувийг ХДХВ, ДОХ эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсад 1992 онд ХДХВ, ДОХ-ын халдварын тохиолдлыг бүртгэж, 267 тохиолдлыг илрүүлсэн байна. Уг өвчний улмаас 42 хүн нас барсан бөгөөд нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насны хүмүүс эзэлж байгаа аж. ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхэд төрсөн ч урагт дамжих халдвар бүртгэгдээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Улсын хэмжээнд нийт 600 гаруй мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бөгөөд 1994 оноос хойш эрүүл мэндийн хичээлийг бие даасан болон бусад хичээлтэй хавсарга байдлаар оруулж ирсэн байна. Харин энэ жилээс олон улсад хэрэглэгддэг бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээлийн үлгэрчилсэн загварын дагуу эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүд хамтран сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтад ашиглаж байгаа юм байна.
Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн агуулгыг хүүхдийн насны онцлогт тохируулан анги өгсөх тусам нэмэгдэж байхаар зохицуулжээ.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний дийлэнх нь цусаар дамждаг байна. Тиймээс өнгөрсөн наймдугаар сард холбогдох байгууллагууд хамтран эмчилгээний болон гоёлын гоо сайхны газруудад хяналт шалгалт хийсэн байна.
Энэ хүрээнд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын 48 эмнэлэг, гоёлын гоо сайхны 186 газарт шалгалт хийснээс дийлэнх эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, зориулалтын байргүй байгааг тогтоожээ.
Б.Лхам