
Meta компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг АНУ Хятадын хиймэл оюун ухааны (AI) загваруудыг хориглох бодлого хэрэгжүүлэх нь зөв шийдэл биш гэж мэдэгдлээ. Тэрбээр Вашингтон Бээжингийн технологийн өрсөлдөөнийг хориг арга хэмжээгээр бус, харин өөрийн AI салбарын сул талыг засах замаар шийдэх ёстой гэж үзэж байна.
Дэлхийн хамгийн том технологийн өрсөлдөөний нэг болсон АНУ, БНХАУ-ын хиймэл оюуны уралдаанд сүүлийн үед Хятадын компаниуд хүчтэй гарч ирж байгаа. Тухайлбал, Moonshot AI компанийн хөгжүүлсэн Kimi K3 зэрэг загварууд код бичих чадвар, үр ашигтай ажиллагаагаараа олон улсын анхаарлыг татаж, АНУ-ын технологийн давамгайлалд сорилт болж эхэлжээ.
АНУ-ын зарим улс төрчид болон технологийн салбарын төлөөлөгчид Хятадын AI загваруудыг үндэсний аюулгүй байдал, оюуны өмчийн эрсдэлтэй холбон хязгаарлах шаардлагатай гэж үзэж байгаа. Харин Зукерберг ийм хориг нь Америкийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхгүй, харин инновацийн хөгжлийг удаашруулж болзошгүй гэж анхааруулжээ.
Түүний байр суурь бол хиймэл оюуны салбарын өрсөлдөөнд хамгийн зөв арга нь хаалттай бодлого бус, илүү хурдан хөгжүүлэлт, нээлттэй экосистем бий болгох явдал юм. Зукерберг АНУ өөрийн AI салбарын дэд бүтэц, судалгаа, хүний нөөцийн асуудлаа шийдэж, системийн саад бэрхшээлүүдээ тодорхойлох ёстой гэж хэлжээ.
Meta компани өөрөө хиймэл оюунд асар их хөрөнгө оруулалт хийж байна. Тус компани дэвшилтэт AI загвар, дата төв, тооцооллын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд олон арван тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Зукерберг ирээдүйн технологийн гол өрсөлдөөн "хувийн супер оюун ухаан" буюу хэрэглэгч бүрт зориулсан өндөр түвшний AI систем дээр төвлөрнө гэж үзэж байна. Гэхдээ АНУ-ын технологийн салбар дотор энэ асуудлаар санал зөрөлдөөнтэй байна. Зарим компани Хятадын AI загваруудыг хязгаарлах нь оюуны өмч, аюулгүй байдлыг хамгаална гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь нээлттэй хөгжүүлэлт нь инновацийг хурдасгана гэж тайлбарлаж байна.
Зукербергийн байр суурь нь зөвхөн Хятадын AI-д хандах бодлогын тухай биш, дэлхийн хиймэл оюуны ирээдүйн загварын талаархи томоохон маргааны нэг хэсэг болж байна. Тэрбээр AI технологийг цөөн хэдэн компани, байгууллагын хяналтад төвлөрүүлэх нь эрсдэлтэй бөгөөд олон нийт, бизнесүүдэд хүртээмжтэй байх ёстой гэж үзэж байгаа юм.
Ийнхүү АНУ, Хятадын хиймэл оюуны өрсөлдөөн улам ширүүсч байгаа энэ үед Марк Зукербергийн байр суурь Вашингтоны хатуу хязгаарлалтын бодлоготой зөрчилдөж, технологийн салбар дахь "аюулгүй байдал уу, нээлттэй хөгжил үү" гэсэн томоохон маргааныг дахин эхлүүллээ.
Л.Баяр



















































