
ОХУ-ын зарим бүс нутагт шатахууны нийлүүлэлт доголдож, иргэд шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дугаарлан зогсох нөхцөл үүсээд байна. Гэхдээ энэ нь Орос даяар шатахуун бүрэн тасарсан гэсэн үг биш бөгөөд голчлон тодорхой бүс нутгуудад хүчтэй мэдрэгдэж байгаа хомсдол юм. Шатахууны хомсдлын гол шалтгааныг Украины нисгэгчгүй онгоцны Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн цохилттой холбон тайлбарлаж байна. Сүүлийн хугацаанд Украины тал Оросын эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн халдлагуудаа нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд саад учруулсан байна. Үүний улмаас зарим үйлдвэр засвар хийх шаардлагатай болж, дотоодын бензиний үйлдвэрлэл буурчээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, Украины цохилтуудын дараа Оросын бензиний үйлдвэрлэлийн хэмжээ улирлын дундаж хэрэглээний ойролцоогоор 65 хувьд хүрч буурсан тохиолдол гарсан байна. Томоохон боловсруулах үйлдвэрүүдийн зогсолт нь нийлүүлэлтийн дарамтыг нэмэгдүүлжээ.
Шатахууны асуудал хамгийн ихээр Сибирь, өмнөд болон Алс Дорнодын зарим бүс нутагт мэдрэгдэж байна. Тухайлбал, Сибирийн Омск хотод жолооч нар шатахуун авахын тулд дараалал үүсгэж, зарим ШТС-д хүлээлгийн хугацаа нэмэгдсэн талаар мэдээлжээ. Reuters-ийн сурвалжлагчийн мэдээлснээр Омск хотод дараалал байсан ч тухайн үед шатахуун бүрэн дуусаагүй, хүлээлгийн хугацаа ойролцоогоор 20 минут байсан байна.
ОХУ-ын Засгийн газар нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд шатахууны экспортыг хязгаарлах арга хэмжээ авчээ. Тухайлбал, бензиний экспортыг үргэлжлүүлэн хязгаарлах, дизель түлшний экспортын бодлогыг дотоодын зах зээлийн нөхцөлтэй уялдуулах шийдвэр гаргасан байна. Оросын Ерөнхий сайдын орлогч Александр Новак зарим бүс нутагт шатахууны нийлүүлэлтийн нөхцөл хүндрэлтэй хэвээр байгааг хүлээн зөвшөөрсөн ч Засгийн газар нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн байна. Мөн зарим хөрш орнууд нэмэлт нийлүүлэлт хийх боломжийг судалж байгаа аж.
Шатахууны хомсдол нь зөвхөн жолооч нарт төдийгүй Оросын эдийн засагт дарамт болж байна. Газрын тос боловсруулах салбарын доголдол нь дотоодын үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Гэсэн ч шинжээчдийн үзэж буйгаар Орос бол дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгчдийн нэг тул улс даяар урт хугацааны шатахууны хямрал нүүрлэх эсэх нь тодорхойгүй байна. Харин Украины цохилт үргэлжилж, боловсруулах үйлдвэрүүдийн сэргээн засварлалт удаашрах тохиолдолд бүс нутгийн хомсдол цаашид үргэлжлэх эрсдэлтэй гэж анхааруулж байна.
Л.Баяр



















































