
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Канадын бараанд ногдуулсан өндөр тариф хоёр улсын худалдааны маргааныг улам хурцатгаж байгаа ч Канадын архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн хувьд дотоодын зах зээлээ тэлэх шинэ боломжийг нээжээ. Худалдааны маргаан эхэлснээс хойш Канадын хэд хэдэн муж АНУ-д үйлдвэрлэсэн виски, бурбон болон бусад согтууруулах ундааг төрийн өмчит архины дэлгүүрүүдийн лангуунаас татан авч, дотоодын бүтээгдэхүүнээ түлхүү борлуулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн үед Вашингтон Канадын зарим бараанд 50 хувийн тариф ногдуулснаар энэхүү бодлого улам эрчимжээд байна.
Үүний үр дүнд Канадын олон жижиг нэрэх үйлдвэрийн борлуулалт мэдэгдэхүйц өсжээ. Квебек мужийн төрийн өмчит архины худалдааны байгууллага SAQ-ийн мэдээлснээр орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеэс 69.4 хувиар нэмэгдсэн байна. Үйлдвэрлэгчдийн хэлснээр канадчууд дотоодын брэндүүдээ урьд өмнөхөөс илүү идэвхтэй дэмжих болсон нь борлуулалтыг өсгөх гол хүчин зүйл болжээ.
Гэсэн хэдий ч энэ өсөлт бүх компанид ижил хэмжээнд ашиг авчраагүй байна. Зарим үйлдвэрлэгч эрэлт нэмэгдсэн ч үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй, түүхий эд болон хөдөлмөрийн зардал өссөнөөс ашиг төдийлөн нэмэгдээгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн Канадын муж хооронд согтууруулах ундаа худалдаалах зохицуулалт төвөгтэй хэвээр байгаа нь бизнесээ өргөжүүлэхэд саад болж байгаа аж.
Нөгөө талаас АНУ-ын архины салбар Канадын бойкотоос тодорхой хохирол амсаж байна. Америкийн спиртийн ундаа үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээр экспорт буурсан бөгөөд Канадын зах зээлд эзлэх байр сууриа алдах эрсдэл нэмэгджээ.
Канадын зарим муж үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд чөлөөтэй борлуулах боломжийг өргөжүүлэх шинэ бодлого боловсруулж эхэлсэн бөгөөд энэ нь жижиг үйлдвэрүүдийн өсөлтийг дэмжинэ гэж үзэж байна.
Л.Баяр



















































