Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн ЗДТГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвхи санаачлагатай ажиллаж, бусдыгаа манлайлсан байгууллагуудыг өнөөдөр шалгарууллаа.
“Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар нар тодорчээ.
Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах нь “Эрүүл ажлын байр“ удирдамжийн гол үзүүлэлт аж.
Мөн энэ өдөр шилдэг сайн дурын идэвхтэнд шагнал гардуулах үйл ажиллагаа давхцаж байна. Тухайлбалд, НЗДТГ-аас 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан НЭМГ-аас “Орон нутаг ариун цэврийн асуудлаа өөрсдөө шийдэх нь” аргачлалын дагуу нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэгт зохион байгуулан ажилласан. Эдгээр дүүрэгт оршин сууж буй гэр хорооллын иргэдэд уг аргачлалыг зааж сурталчлан, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр бусдыгаа манлайлан ажиллаж, шилдгээр шалгарсан Чингэлтэй дүүргийн сайн дурын идэвхтэн Д.Хишигпүрэв, Г.Алтанчимэг, Сүхбаатар дүүргийн сайн дурын идэвхтэн Б.Дэлгэрцэцэг, Б.Алтанцэцэ, Багануур дүүргийн сайн дурын идэвхтэн Ө.Даваажав нарт НЭМГ-аас талархаж, урамшууллаа.
Б.Лхам