Олон төрд нүүртэй хүнийг олигархи гэдэг л дээ. Монголчууд олигархи гэж хэнийг хэлэх тухайд ойлголтын зөрүү ихтэй байдаг нь аргагүй юм. Нэг бол учиргүй баян тарган хүн улстөрч болохыг, нөгөө бол улстөрч хүн цалингаасаа гадуур хөлжиж баяжихыг хэлнэ гэж ойлгодог. Үнэндээ төрөөс төрсөн тэрбумтнууд, улс төрд орсон тэрбумтнууд хоёрын хэн нь ч олигархи биш юм.
Харин аль ч төрийн нүүрэнд бизнесээ алдахгүйн тулд, ашиг хонжоогоо нэмэгдүүлэхийн тулд улс төрд өөрийгөө болоод хань хамсаатнаа тууж оруулдаг, мөн төрийн түшмэдийг авлига, хээл хахууль, лоббигоор угжиж, тэрбумтан болтол нь тэтгэж суудаг хүмүүсийг олигархи гэнэ.
Тэгвэл энэ тодорхойлолтод одоогийн олон төрийн түшээ тохирч байгаагаас бусдаасаа илүү том, хамгийн гаршсан олигархиуд нь цөөн. Тэрхүү цөөнхөд Лу.Болд гишүүн гарцаагүй багтана. Төдийгөөс өдий хүртэл УИХ-ын гишүүн хийсэн түүний байгуулсан гавьяа бага, баяжиж ашиг сонирхлын хүрээгээ тэлсэн нь их юм.
Түүнийг олон төрд нүүртэй гэсэн нь магтаал биш, харин ч эсрэгээрээ эрх ашгийнхаа төлөө хэнтэй ч нэгдэж, хэнээс ч урвахад бэлэн гэдгийнх нь нотолгоо билээ. Өнөөдөр Ардчилсан нам, МАН хоёрын дунд МАНАН гэх бүлэглэл бий болсон тухай яриа ид газар авч байна. Энэ нь аль нам нь ч төрийн эрхэнд гарсан эрх ашиг, албан тушаалын хохирол хүлээдэггүй бүлэглэлийн тухай яриа л даа. Тэгвэл Ардчилсан нам төрийн эрх барьж байх үед ч, МАН засаглаж байх үед ч эрх мэдэл, албан тушаал, эрх ашиг, нэр нүүрээ алддаггүй цөөн хэдэн улстөрчийн нэг бол бас л Лу.Болд. УИХ-д олон удаа сонгогдож чадсанаар нь түүнийг гарамгай, мэргэшсэн парламентч гэж өргөмжлөх шахуу юм болдог. Гэтэл УИХ-ын гишүүнээр тийм олон жил ажиллачихаад, Засгийн газрын сайдаар хоёр ч удаа томилогдож амжсан атлаа яг юу хийж амжуулсан бэ гэхэд хариулт олддоггүй нь хачирхалтай.
Ажлын гараагаа Багануурын үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагчаас эхэлсэн тэрбээр МОХ-ны орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэж явсаар 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдсон. Бизнесийн талаар ямар ч мэдэгдэхүүнгүй явсан залуу тун удалгүй “Бодь” группыг үүсгэн байгуулж, найз нөхөдтэйгээ нийлээд хөрөнгөжиж эхэлсэн нь түүхэн баримт. Бизнес хийхгүй атлаа бизнесээ хэрхэн өргөжүүлж болохыг бодитоор нь үлгэрлэсэн хүмүүсийн нэг бол Лу.Болд. Тэр 1993-1996 онд “Бодь интернэшил” компани гэж байгуулаад, 2000-2004 онд “Голомт банкны ТУЗ-ийн дарга гэх албан тушаал хашсанаас бусдаар бизнес хийж, хувийн хэвшилд ажиллаж байсан туршлага, түүх байхгүй.
Тийм атал тэрбээр өөрийгөө Монголын толгой бизнесмэн гэж нэрийдэх дуртай. Төрөөс төрсөн тэрбумтнуудын тухай ярих үед дунд нь Лу.Болдын нэр дурьдагдахгүй. Учир нь тэр өөрөө бизнесээр баяжсан, хөрөнгөө цэвэр бизнесийн үр шимээр бий болгосон гэх бэлэн хариулттай хүн. Үүнд л түүний нохой заль, овжин ухаан оршиж буй юм.
Монголд өрнөсөн өмч хувьчлал, тендер, лиценз, төсөл хөтөлбөр зэрэг бүхий л хүрээний баялаг хуваарилалтаас Лу.Болд албан тушаал болон мэдээлэлд ойр байсныхаа давуу талыг ашиглаж, бялуу хувь хүртэж ирсэн нь нууц биш. Үүнийгээ бизнесийнхээ нэр хаягаар хийж, өөрөө хойно нь албан тушаалтайгаа нэр цэвэр үлдэж дадсан хүн ажээ.
Нэгэн үйл явдлыг уншигчид мартах ёсгүй. “Бодь” групп, “Голомт” банкны хөрөнгө хуваах хэрүүл бол Лу.Болдын олигархи дүр төрхийг илчлэх шахсан юм. Лу.Болд яг үнэндээ ямар ч бизнес хийж, бизнесийн ур ухаан гаргаж, оролцож, байгаагүй хэрнээ бялууны ихэнхийг хүртэж байсан. Үүнд мөнчгөрөө мөлийтөл зүтгэж байсан бизнес хариуцагч тал мэдээж гомдолтой байв. Ингээд хэрүүл зарга үргэлжилж, хэрвээ даамжрах юм бол Лу.Болдын хамаг булхай илчлэгдэх магадлалтай байсан тул Лу.Болд өөрөө тахимаа шууд өгчихсөн гэдэг юм. Олон хүн хөрөнгө хуваах хэлэлцээрт Лу.Болд арай бага хувьтай хоцорсон гэж ярьдаг нь ч оргүй биш байх.
Гэхдээ л зөвхөн төрийн өндөр албан тушаал хашихын зэрэгцээ хөгжүүлсэн бизнес нь түүнд өнөөдрийг хүртэл жилд 122 сая 400 мянган төгрөгийн орлого өгсөөр байна. Мөн түүний эзэмшилд 2.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн барилга байгууламж, 180 саяын тээврийн хэрэгсэл, 8.6 тэрбум төгрөгийн хадгаламж бий. Зарим хүний бичсэнээр компаниудад эзэмшдэг хувьцааны нийлбэр нь 21 тэрбум төгрөг давсан гэнэ.
Лу.Болд хамгийн эгзэгтэй үед Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар дөрвөн жил ажиллаж байлаа. Энэ үедээ хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд бас л нэр холбогдож байв. Батлах хамгаалахын сайд байхдаа ч мөн хууль бус зэвсгийн наймаанд нэр холбогдсон. Ер нь Лу.Болдод төрийн албан тушаалыг бизнес рүү хэрхэн урвуулж ашиглахаа сайн мэддэг, түүнийгээ хэнд ч анзаарагдахгүй байдлаар хийж чаддаг арга мэх байх шиг.
Лу.Болдыг толгойлж байх үед АМГТХЭГ аудитын шалгалтаар олон тэрбумын хууль бус зарцуулалт хийсэн нь илэрч байсан юм. Монгол улсын зүүн хязгаар Дорнод аймгийн Халхгол сумын нутагт анх удаа газрын тос оргилж байсан үеийг уншигчид санаж буй биз ээ. Тэр үеэс хойш Монгол улс өөрсдөө нефтээ үйлдвэрлэдэг болно гэсэн мөрөөдлийг өдий хүртэл хойшлуулсны балаг яах аргагүй Лу.Болдтой холбогдоно. Тэрхүү Тамсагийн сав газарт Хятадын компанийг оруулж ирэн, Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчийг хийсний балаг өнөө хүртэл үргэлжилж буй. Хятадын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК орон нутагт оруулах 2 сая 496.600 долларын төлбөрөөс мултарсныг Лу.Болдыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга байхдаа үл тоон өнгөрүүлсэн. Мөн газрын тосны салбараас ордог сургалтын сангийн мөнгийг хууль бусаар зарцуулах захирамжийг тэртээ 2007 онд АМГТХЭГ-ийн дарга Л.Болд баталж байжээ. Сургалтын урамшуулал дансанд 2005-2007 онд Хятадын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК 225.000 доллар, Зүүнбаянгийн “Доншен” ХХК 60.000 доллар нийтдээ хоёр компаниас монгол мөнгөөр бараг тэрбум төгрөг төвлөрчээ. Гэтэл АМГТХЭГ-ын зардлаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудаас газрын тосны болон мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа нэг ч оюутан байхгүй байгаа нь судалгаагаар нотлогджээ.
Харин Батлах хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгосчуудад зэвсэг зарахаар завдсан гэх онц ноцтой ял зэмд нэр холбогддог.
АТГ-ын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генерал Б.Хурц бүр УИХ-ын чуулганы танхимд “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр, гурван асуудалд орсон. Нэгдүгээр асуудал бол Хойд Солонгост зэвсэг зарах гээд 300 мянган долларыг та авсан. Өнөөдөр хүртэл зургадугаар сарын 12-нд Хойд Солонгосын прокурор таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн. Танаас болж Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан. Танаас болж Батлан хамгаалах яамны генерал ял авсан. Энэ хүнээс болж Молекул \УИХ-ын Батж.Батбаяр\ гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Батлан хамгаалах яаман дээр техникийн нөхцөлгүй байсан орон сууц бариад тэр үед нь прокурорын зөвшөөрлөөр албан ёсны үзлэгт ороход 5-6 тамгатай кампанийн санал өгдөг.
Энэ хүнийг сайд байхад бланкан дээр санал өгөөд л тэр компани шалгараад байдаг. Та энэ Гадаад хэргийн яамны дотор барилгыг бас тэд нараар бариулсан. Та шударга хүн мөн үү. Та бид хоёр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. Би одоо цааш нь юм ярих уу, хэрэггүй юу” гэж ил тод ярьсан юм.
Энэ үгийг хэлсэн хүн нь Б.Хурц байж, түүнд тухайн үед олон нийт дургүй байсан тулдаа л хэлсэн үгэн доторх ноцтой баримтуудад ач холбогдол өгөлгүй өнгөрсөн. ТЕГ-ын дарга нь “Таниас бол Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан шүү” гэж шууд мэдэгдээд байхад гүлдийгээд сууж байдаг УИХ-ын гишүүнтэй орон Монголоос өөр хаана вэ.
Хэрвээ Б.Хурц гэгч хүн Лу.Болдыг гүтгэсэн бол өдийд хуулийн байгууллагаас ял шийтгэл хүртэх учиртай. Эсвэл өөрийг нь “зэвсгийн наймаачин” гэж олон нийтийн өмнө нэр заан цоллочихоод байхад Лу.Болд гишүүн нэр төрөө сэргээлгэнэ гээд явж байх учиртай. Б.Хурцын хийсэн мэдэгдэлд үнэний үртэс байсан болоод л Лу.Болд энэ тал дээр юу ч хийж чадахгүй яваа байх гэж тааж байна. Хэрэг явдлын сэжүүрийг сөхвөл, Лу.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан бригадын генерал Т.Дашдэлэгийг хил дамнуулан зэвсгийн наймаа хийсэн хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан хорьж шалгасан билээ. Хорих болсон шалтгаан нь “Миг-21” онгоцны моторуудыг Хойд Солонгост зарж, улс дамнуулан наймаалцсан зэвсгийн хэрэгт холбоотой хэмээсэн байдаг. Үүнээс гадна БНСУ-д суух цэргийн атташе генерал М.Борбаатарын нэр хүртэл холбогдож байсан. Т.Дашдэлэг мөрдөн байцаалтын явцад “Эл хэргийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлсэн байдаг юм шүү. Энэхүү наймаа нь нэгэнт тохиролцоонд хүрч Солонгосын тал урьдчилгаа төлбөр болох 300 мянган ам.доллараа шилжүүлсэн ч манайхан л болсон хойно онгоцны моторыг нь явуулалгүй удсан учраас Хойд Солонгосын талаас нэхэмжлэл ирснээр ийнхүү хэрэг мандсан түүхтэй.
Гэхдээ үүнийг батлах бас нэгэн баримт бий. Тэр нь хэрэг мандсаны дараахан “Бодь” группын данснаас мөнөөх 300 мянган ам.долларыг гуйвуулсан байдаг ажээ. Хэрвээ энэ бүхэн үнэн байгаад Монгол Улсын Батлан хамгаалах яам зэвсгийн наймаанд оролцсон нь тодорхой болвол зөвхөн Лу.Болдын нэр хүнд биш, Монгол Улсын нэр нүүр, олон улсын харилцаатай холбоотой ноцтой асуудал болж даамжирна гэсэн үг.
Лу.Болд өдгөө энэ мэт хар дансаа дугуйлж орхичихоод, ариун цагаан тэмцэгчийн дүрд тоглох гэж чармайж эхэллээ. Ер нь улс төрд нэгэн бичигдээгүй хууль бий. Тэр нь өөрийн нэр хүндийг цэвэрлэе гэвэл бусдын нэр хүндийг буртаглах, өөрөө тэдэнтэй тэмцэж буй учраас эсрэг талаас өөрийнх нь нэр хүндийг бохирлохыг санаархаж байна гэж олон нийтэд итгүүлэх оролдлого байдаг. Лу.Болдын сүүлийн үед гаргаж буй ааш авир, үг үйлдэл нь яг л ийм зохиолоор өрнөж байгаа бололтой.
Юун түрүүнд, тэрбээр МАНАН-гийн эсрэг тэмцэж буй гол дүрийн нэг болохоор санаархаж, намынхантай хүртэл эв түнжин хагарав.
“Намаасаа гарсан ч яах вэ” гэж амиа бодсон үг хэл ч гаргах болов. “Би л болж байвал бусад нь надад хамаагүй” гэх байр суурь түүнээс нэвт үнэртэж байх ажээ.
“Баян Монгол” корпораци гэх сайхан амлалтаар сонгогчдыг хуурсан шигээ дахиад л тэдний хулхин дээр цэцэг ургуулж чадна гэж тэрбээр найдаж буй бололтой.
Гэвч хэрээг хэчнээн цагаанаар будлаа ч хэрээ хэвээрээ л үлдэнэ.
Лу.Болд ярьж байгаа шигээ ариухан хүн биш ээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Эх орноосоо урвадаг хүмүүсийг ардчилсан нийгэм бий болгох юм гэж бодоогүй шүү, Болд гишүүн ээ. Та Оюутолгойгоо хамгаалаагүй шүү. Оюутолгойг өгөхөд дэмжээд л сууж байсан. Та дуугараагүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр гоё гоё юм яриад л. Ийм хулгайч нарыг хамгаалсны чинь төлөө өнөөдөр УИХ-ын нэр хүнд унаж байна. Дубайн гэрээг эсэргүүцэж байсныг чинь ёстой мэдэхгүй юм. Битгий худлаа ярьж бай. Ард түмэн ой санамжтай шүү” гэж хэлж байсан. Үнэхээр л Лу.Болд гишүүн гэнэт хараас цагааны талд урваж буй мэт аяглах болсон нь нууц биш. Шүүмжилж буй бүхнийгээ эд эс, эрэг шураг нь өөрөө байсан. Өнөөдөр харин тэр өөр талд гарч хөхөө шиг донгодож эхэллээ. Ингэснээрээ хэрээ хөхөө болчихгүй гэдгийг сануулах юун.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (81)