Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар амбулаторийн 84.668 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6938 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.2 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс нэг хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар нэмэгдсэн үзүүүлэлт юм байна. Нийт өвчлөгсдийн 33.6 хувийг 0-1 нас, 27 хувийг 2-4, 13 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна.
Хүүхдийн түргэн тусламжийн 2225 дуудлага ирснээс 58.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээ авчээ. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 232 орны зохицуулалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1209 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилжээ. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл, ням гарагт 10.00-16.00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08.30-19.00 цагт ажиллаж байна. Үүнээс гадна иргэд Дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулж, хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой аж.