МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн Баянгол дүүрэгт баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд С.Чинзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа нар оролцов.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан уг төвийг БНХАУ-ын CTCE групп гүйцэтгэн барьсан бөгөөд орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий төв болж байгаа ажээ. Нийт 20000 м2 талбай эзэлж буй энэхүү төв нь гурван давхар, 250 ор болон зоорийн давхартай. Түүнчлэн сэргээн засах амбулатори, эмчилгээний тасаг, хэвтэн эмчлүүлэх тасаг зэрэг тоног төхөөрөмжтэйгөөс гадна үйлчилгээний алба, захиргаа болон сургалтын албаны өрөөтэй байна. Дээрх төв ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчлөл, эмгэгийг урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой.
Нээлтийн ёслолын үеэр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд С.Чинзориг болон Элчин Сайд Шин Хаймин нар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг албан ёсоор хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурж ёслолын түлхүүрийг Монголын талд гардууллаа.