Энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1100 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 834 дуудлага, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт хоёр иргэн, нийслэлд нэг иргэн амь насаа алджээ. Дулааны улирал ойртож байгаатай холбогдуулан орон нутаг болон нийслэлд мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж, энэ төрлийн осол их бүртгэгдэж байгаа аж. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Богд уулын ар” гэх газар шороон замд улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль онхолдож, 53 настай жолооч Г амь насаа алдсан ноцтой осол гарсан байна.
Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 150 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилжээ.
Б.Лхам