Энэ сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 18-24 хүртэлх насны 13 хүнийг илрүүлэн баривчилсан бөгөөд эдгээр залуучууд нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ. Уг этгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрэмддэг байсан байна.
Дээрх бүлэг гэмт хэрэгтнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран зохион байгуулж байгаа арга хэмжээний хүрээнд илрүүлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний хоёр сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгдсэн байна.
Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)