Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 09-10-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түвшинширээ суманд, 12-нд Дорнод аймгийн Сэргэлэн суманд тус тус ажиллаж, малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийн талаар орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байна.
Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг шинжлэхдээ олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан эрх, эрх чөлөөнд нөлөөлж буй сөрөг нөлөөлөл, шалтгаан нөхцөл, хүний эрх зөрчиж буй кэйс тохиолдол, баримтыг судалж, баримтжуулан ирэх жилийн илтгэлд тусгах бөгөөд эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зэрэг эрхийн өнөөгийн нөхцөл байдал, чанар, хүртээмж, тулгамдсан асуудлыг санал асуулга, бүлгийн ярилцлага, бичиг баримтын шинжилгээгээр тодорхойлох юм.
ХЭҮК-ын Ажлын хэсэг өнөөдөр буюу Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд, 14-нд Хөлөнбуйр суманд ажиллана.