Ийм нэгэн яриа улс төр, нийгмийн хүрээнд яваад эхэлжээ. Оргүй ч юм биш. Хамгийн сүүлд гэхэд түүнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар тооцон шалгах санал АТГ-гаас гаргажээ. АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа АТГ-аас хоёр дахь удаагаа прокурорт гаргаж байгаа юм. Энэ оны нэгдүгээр сард уг саналаа прокурорт хүргүүлсэн ч зарим зүйлийг тодруулах шаардлагатай гээд зохих ажиллагаа хийлгэх даалгавар бичин буцаасан байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Дархан гурил тэжээл” ХК-ийн хуучин элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр засаж улсад хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлж байсан билээ.
Сайд байхад нь шадарлаж явсан, одоо ч үнэн албат хэвээр байгаа НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, Санхүүгийн албаны дарга асан Ч.Чулуунчимэг нарыг АТГ-аас саатуулж, цагдан хорьсон дээрх яриаг улам баталжуулах болсон.
Үйл ажиллагаа нь доголдож, санхүүгийн чадамжгүй болж эхэлсэн Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулсан нь хуулийн байгууллагын хараанд зүгээр ч нэг өртөөгүй нь лав. Эртнээс шүүмжлэл, хардлага төрүүлсэн уг асуудлын баттай сэжүүрийг хуулийнхан атгасан учраас эзэн холбогдогчийг нь эхнээс нь ийн саатуулсан байж таарна.
Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо зарлалаа. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн тухайгаа мөн дуулгасан. Эндээс харахад АН-ын сонгуулийн штабыг С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй хүмүүс удирдаж орох нь тодорхой болж байна. Гэхдээ энд хоёр асуулт байна.
Эхнийх нь Ц.Уртнасан нарын хэргийг хуулийн байгууллагаас мухарлаж, албан тушаалаа урвуулан ашигласан, төрд их хэмжээний хохирол учруулсныг нь тогтоовол яах вэ?.
Тэр тохиолдолд салбар хариуцсан сайдаар ажиллаж байсан одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ шууд холбогдож таарна. Цаашлаад Улсын ерөнхий прокуророос С.Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналыг УИХ-д өргөн барихыг ч үгүйсгэхгүй.
Тэгээд ч “Эрүүгийн гэмт хэрэгтэн, өмнө нь Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад “Сайн хүн байгаа юм” гээд гаргаад л авч байсан. Одоо бол энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад л хүүг нь хусаад явж байдаг хүн. Хэдэн мянгаар нь нас барчихсан хүний нэр дээр тэтгэвэр аваад л явж байдаг” хэмээн мэдэгдсэн нь хувь хүн хоорондын зөрчил биш байсан болов уу. Тэгэхээр Ц.Уртнасан нарын баривчилгааны үзүүр хүссэн, хүсээгүй С.Эрдэнэтэй холбогдож таарах гээд байгаа юм.
Д.Гантулга, Н.Номтойбаярынхаа бүрэн эрхийг түдгэлзүүлээд хуулийн байгууллагаас дэнслүүлж, дэнслүүлэхээр болсон эрх баригч МАН-ын хувьд С.Эрдэнийн явуулах нь алга урвуулах төдий амархан.
Харин ч сонгуулийн өмнө сөрөг хүчний дарга нь хуулийн байгууллагаар шалгуулж, бүр хоригдох нь МАН-д ашигтай. МАНАН бүлэгтэй тэмцэл өрнүүлэх болсон Ерөнхийлөгч Х.Баттулгад ч С.Эрдэнийг өмөөрөх шалтгаан үгүй. Ард түмэн өөрөө муухай харагдах учраас тэрбээр ийм үйлдэл хийж өөртөө хасах оноо цуглуулахгүй.
Эндээс хэрэвзээ С.Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн саатуулж, шалгасан тохиолдол хэрхэх вэ гэсэн асуулт гарна. Мэдээж АН сонгуульд ялагдана. Ахлах зөвлөхөөр ажиллахаар болсон З.Энхболд намаа удирдаж сонгуульд оролцлоо гэхэд ялах магадлал нь бага.
Өмнөх парламентын үед 35 суудал авч, эрх барих хэмжээнд очсон намыг тэрбээр хоёрхон жилийн жилийн хугацаанд удирдаад ердөө есхөн суудалтай болгож ялагдуулсан.
Өдрөөс өдөрт намдаа эзлэх байр суурь нь суларсан түүний хувьд эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг түшсэн. Харин өнөөдөр эрт цагийн хамтрагч С.Эрдэнэ нь АН-ыг “клончилж” эхэлсэн учраас төрхөмдөө буцаж, бүр алхах зөвлөх гэсэн албан тушаалд заларлаа. Гэхдээ С.Эрдэнэ, З.Энхболд нарын хоршил гэхээсээ намын даргынх нь хувь заяа яаж ч эргэж мэдэх байдалд шилжээд байна. Хэрэвзээ С.Эрдэнэ шоронд орох тухай мэдээлэл батлагдвал, ирэх сонгууль АН ялагдах тодорхой юм.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (87)