УИХ-аас Сонгуулийн тухай хуулийн хүрээнд тойрог, мандатын хуваарилалтаа албажуулсантай холбогдуулж, улс төрийн нам, хүчнүүд түрүүчээсээ хөдөлгөөнд орж эхэлжээ. Тэдгээрийн нэг нь Хөдөлмөрийн Үндэсний Нам буюу ХҮН. Тэднийг нийтлэлч Баабар, Б.Болдсайхан эмч, Н.Жанцанноров тэргүүтэй “Электорат” хөдөлгөөн дэмжихээ илэрхийлээд байна.
Найм дахь удаагийн сонгуулийг нийслэлд есөн тойрог, 24 мандат, орон нутаг 20 тойрог, 52 мандаттай томсгосон мажоритар тогтолцоотойгоор явуулах болсон. Үүнтэй холбоотойгоор эрх баригч МАН, сөрөг хүчин АН-ын дотоод уур амьсгал хэдийнэ тийш чиглэж, нэр дэвшигчдээ тодруулах томоохон сунгаа эхлүүлээд байгаа юм. МАН-ын хувьд нэг ч төгрөгийн хандив авахгүйгээр, сонгогчдоос хамгийн их дэмжлэг авсан хүнийг нэр дэвшүүлэхээ намын дарга мэдэгдсэн бол АН-ын тухайд горьчлогчдодоо 100 сая төгрөгийн босго тогтоогоод буй.
Ууган болон удаахь хоёр намын зүгээс ирэх сонгуульд ийнхүү ач холбогдол өгч эхэлсэн хэдий ч иргэдийн зүгээс арай өөр зүйлийг эрэлхийлэх болсон нь гуравдагч хүчин, түүнийг нөхөх орон зай.
Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан өөрсдийгөө гуравдагч хүчнээр тодруулж, энэ талын сурталчилгаа эртнээс өрнүүлэх болсон ч өнөөх л хуучин фигур, горьлогчид байгаа нь тэднээс цэрвэх шалтгаан болж буй.
Гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ намыг АН-аас “урвагчид” гэж үзэн сонгогчдын ой тоонд төдийлөн тогтохгүй яваа нь нууц биш.
Харин бусдаасаа арай өөр, нэр цэвэр хүмүүсийг эгнээндээ нэгтгэж, ирэх сонгуулиар гуравдагч хүчний орон зайг нөхөх хүчин бий нь ХҮН. Үүнийг тус намын дэвшүүлж байгаа бодлого болон эгнээнд нь нэгдсэн “Электрат”, “Уухай” гэсэн хоёр ч хөдөлгөөнөөс харж болно. Нийгэм, улс төр, урлаг соёл зэрэг бүхий л салбарын олны танил хүмүүс, эрдэмтэн, судлаачид, сэхээтэн гаралтай нам бус эрхмүүдийн нэгдэл хүч нэмэхээр болсноороо онцлог гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор ХҮН-аас нэр дэвших зарим хүний нэр тодорч эхэлсэн бололтой.
Жишээ нь, ХҮН-ын дарга Б.Найдалаа ирэх сонгуулиар Чингэлтэй дүүрэгт өрсөлдөхөөр төлөвлөж байгаа бол Хан-Уулд Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд нэр дэвшихээр яригдаж эхэлжээ. Хан-Уул дүүргийн хувьд бусад дүүрэгтэй харьцангуй сэхээтэн гаралтай, сонгогчдын боловсрол өндөр тойрог. Энэ хүрээнд тэрбээр Хан-Уул дүүргийг сонгосон болов уу. МАН, АН-ын зүгээс ч тус дүүрэгт туршлагатай улстөрчөө нэр дэвшүүлэх нь тодорхой.
Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга болон саяхан тус намын нарийн бичгийн даргаар томилогдсон "Шинэ Монгол" сургуулийн захирал П.Наранбаяр нар Баянзүрхэд өрсөлдөхөөр болжээ.
Цаашлаад Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл Сүхбаатар дүүрэгт, Ж.Золжаргал Баянголд, нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, “Уухай” хөдөлгөөний гишүүн М.Чимэддорж нар Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөхөөр яригдаж байгаа юм байна. DeFacto Д.Жаргалсайхан Сүхбаатар дүүрэгт Мөнхсоёлын хамт нэр дэвших аж.
Мөн Налайх, Баганхангай, Багануурт тус намаас “Уухай” хөдөлгөөний хуульч Б.Гүнбилэг, Дарханд Синдикат ток нэвтрүүлгийг хөтлөгч В.Ганзориг, Эрдэнэтэд “Уухай” хөдөлгөөний зохицуулагч Д.Сайнбаяр нарын эрхэмүүд өрсөлдөх бололтой.
Ийнхүү иргэд, сонгогчдод итгэл төрүүлэх гуравдагч хүчний орон зайг нөхөх хамгийн боломжит хувилбараар нэрлэгдэх болсон ХҮН-аас нэр дэвших эрхмүүд түрүүчээсээ тодорч эхэлжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (46)