Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журам, ажлын хариуцлага дээшлүүлэх зорилт дэвшүүлээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын төрд ажилаж байгаа төрийн албан хаагч нар, яамны удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс архидан согтуурч биенийхээ амь насыг хөнөөсөн явдал үнэхээр харамсалтай зүйл болж байна. Энэ бүхний төлөө дахин уучлал хүсч байна. Сахилга хариуцлагыг шат шатандаа бэхжүүлэх ёстой гэдгийг энэ явдал маш тод харууллаа. Цаашдаа энэ асуудалд ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж ажиллах ёстойг дахин дахин мэдэрлээ” хэмээн онцлоод хариуцлага алдсан Зам тээврийн хөгжлийн яамны алба хаагчдыг албан үүргээс нь чөлөөлсөн талаар мэдэгдэж байсан юм.
Гэвч тэрбээр сайн засаглагчаар нэрлэгдэж ретинг өндөртэй яваа ч засаг барих хугацандаа төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг номонд нь оруулж чадахгүй бололтой.
Учрыг сийрүүлбэл, чуулганы индрээс эрс шийдэмгий хална, хариуцлага тооцно, цэгцэлнэ, шударга ёсыг сахиулна зэргээр эрс шийдэмгий хэлсэн түүний үгсийг Зам тээврийн хөгжлийн яамны “бүдүүн” дарга нарт даанч нөлөөлөгүй юм.
Хэргийг дахин сануулбал, төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан согтуурч улмаар ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд бүрэлгэсэн хэрэг гарч шуугиулж байв. Нэг талаар төрийн албан хаагчлын хэт задгай байдлыг илтгэн харуулсан бол нөгөөтээгүүр, төрийн албаны сахилга бат, цаашлаад У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдаж байгааг харуулах үйл явдал болсон юм. Энэ хэрэг явдлын дараа ЗГХЭГ-аас 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т шалгалт явуулж байсан бөгөөд шалгалтаар төрийн байгууллагын 830 өрөөнөөс согтууруулах төрлийн 115 бүтээгдэхүүн, 11 ширхэг шатамхай бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав илэрч байлаа. Улмаар асуудлыг цэгцлэхээр Засгийн газрын тогтоол батлан гаргаж, төрийн байгууллагад согтууруулах төрлийн бүтээгдэхүүн, элдэв бодис оруулахыг хатуу хориглож, хэрэв оруулж, хадгалсан байвал шууд ажлаас нь хална хэмээн тухайн үед ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн байдаг.
Гэвч эзний үгнээс сөрдөг хурган дарга нар ажлынхаа өрөөнд архидан согтуурсан. Улмаар тухайн үед хамт байсан эсэх нь тодорхойгүй иргэн Б автомашиндаа амиа алдсан харамсалтай хэрэг үйлдэгдэв. Ийм л учраас тэр сайн засаглагч ч төрийн албан хаагчдынхаа сахилга батыг чангалж чадахгүй бололтой гэж хэлээд байгаа юм.
Дээрх хэргийн талаар цагдаагийн байгууллагаас “Энэ сарын 19-ний үүрийн 04.20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн ажиллалаа. Хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад нэр бүхий субьектүүд аймгийн Засаг даргын газрын аль нэг өрөөнд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэх тайлбар өгсөн юм.
ЗТХЯ-нд гарсан хэргээс хойш жил гаруй хугацааны дараа төрийн албан хаагчид сахилга бат зөрчсөн асуудал дахиад л гарлаа. Ил гарсан нь энэ асуудал ч далд өрнөж байгаа архидан согтууралт хэр гарч байгааг таашгүй. Сануулсаар байхад үгэнд ордоггүй төрийн албан тушаалтнуудыг яах вэ, сайд аа!
Б.Лхам
Сэтгэгдэл (9)