Монгол Улсын төсвийн хуульд тодотгол хийх шаардлагатай эсэх болон өр, зээлийн асуудлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн дарга асан, хуульч Ц.Цолмонтой ярилцлаа.
-Энэ оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай гэж эдийн засагчид сүүлийн үед их ярих боллоо. Гэтэл Сангийн сайд нь төсөвт тодотгол хийхгүй гэдэг байр суурьтай байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хүссэн, хүсээгүй төсөвт тодотгол хийнэ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Учир нь, ирэх зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар байгуулагдана. Шинээр байгуулагдах Засгийн газар одоогийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллахгүй гэдэг нь тодорхой. Тэгэхээр 2020 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй юм. Тиймээс найман сарын үед төсөвт заавал тодотгол хийж таарна. Харин өнөөдрийн тухайд төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа эсэх нь эргэлзээтэй л дээ.
-Яагаад?
-Төсөвт тодотгол хийх хуулийн шаардлага байдаг. Яг өнөөдөр тийм хэрэгцээ шаардлага нь үүссэн үү гэвэл үгүй. Өнгөрсөн нэгдүгээр сарын төсвийн орлого 767 тэрбум төгрөг байна гэсэн мэдээ харсан. Хэдийгээр өмнөх жилийн нэгдүгээр сарынхтай харьцуулахад 80 орчим тэрбум төгрөгөөр буурсан ч тийм ч муу гэсэн үг биш. Харин энэ сард орлого огцом буурна. Гэхдээ яг хэдээр буурах нь ирэх гуравдугаар сар гарч байж л тодорхой болно шүү дээ. Үнэхээр нөхцөл байдал хүндэрвэл төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй.
-Эдийн засагчид болохоор төсвийн орлого маш их хэмжээгээр тасарч байгаа учир одоо л төсөвт тодотгол хийж, хэрэггүй хөрөнгө оруулалтаа хасах хэрэгтэй гэж зөвлөөд байна шүү дээ.
-Засгийн газрын шийдвэрээр ирэх сарын 2 хүртэл нийт 15 хоног л урд хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Энэ хугацаанд Сар шинийн баяр “болоод” өнгөрөх байх. Харин цаашдаа энэ хорио цээрийн байдал хэвээр үргэлжлээд, төсвийн орлого буурч нөхцөл байдал хүндэрвэл холбогдох арга хэмжээ авах байх. Яг өнөөдөр бол төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй л гэж харж байна.
-Гэхдээ одоо хөрөнгө оруулалтын ажлууд эхэлчихээр баахан “царцсан” барилгатай үлдэх юм биш үү?
-Хөрөнгө оруулалтын ажил одоо дөнгөж л эхэлж байгаа. Яам, агентлаг, төрийн байгууллагууд дээр тендерийн хороо байгуулах, баримт бичиг боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл хянах гээд цаасан дээр хийгддэг ажил л эхэлж байгаа гэсэн үг. Жилийн энэ үед тендер шалгаруулж дуусаад л учиргүй олон компани ханцуй шамлаад ажлаа эхлүүлдэг зүйл байхгүй шүү дээ. Нөгөө талаас нь харвал төсвийн хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр хасна гэдэг нь эдийн засгаа л агшаана гэсэн үг. Олон гүйцэтгэгч компанийн ард ажил хийж байгаа олон хүн, тэдний гэр бүл, үр хүүхэд, татвар, нийгмийн даатгал гээд зөндөө асуудал бий. Тэрийг бас бодож байгаа байх. Гагцхүү хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зүйлд биш, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй, техник эдийн засгийн үндэслэл нь тодорхой зүйлд оруулах тал дээр анхаарах ёстой. Мөн хуримтлалын зохистой бодлого хэрэгжүүлэхгүй бол улсын өрийн асуудал хүндэрч эхэлж байна. Цаг хугацааны хувьд томоохон өрийн төлбөр төлөх хугацаа хаяанд ирлээ.
-Өрийн асуудлаар ямар менежмент явуулах ёстой юм бэ?
-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 орчим тэрбум ам.доллар. Гэтэл өрийн хэмжээ 29.7 тэрбум ам.доллар болсон байна лээ. 2020-2024 онд Засгийн газар өмнө авсан өндөр өртөгтэй бондын төлбөрүүдийг төлөх үүрэгтэй. Бүр тодруулбал 2.9 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Гэвч хангалттай хэмжээний хуримтлал бий болгож чадсангүй. Хуримтлал бий болгоогүй болохоор дахиад зээл авч таарах байх.
-Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адилхан гэж яриад байгаа шүү дээ.
-Хэцүү л дээ. Хэрэв Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихвал хямд зээл олдохгүй. Өндөр хүүтэй л зээл авч таарна. Тэгэхээр өрийн хүнд шахалтууд манай эдийн засагт 2020-2024 оны хооронд ирэх болов уу. Хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Ямар ч УИХ, Засгийн газар байгуулагдсан улсын өрийн асуудалтай нүүр тулж л таарна. Тийм учраас улс төрийн намууд өрийн талаар ямар стратеги баримтлах талаар сонгогчдод тодорхой тайлбарлаасай билээ гэж бодож байна. Үнэндээ сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын бүтцийн асуудал, Засгийн газраа байгуулаад завсарлана. Ингэж байтал л өрийн асуудал эхнээсээ тулаад ороод ирнэ. Тиймээс Монгол Улсыг маш яаралтай “Саарал жагсаалт”-аас гарах, тавдугаар сард ОУВС-тай дахин хэлэлцээр хийж хөтөлбөрөө сунгах, зээлжих зэрэглэлээ одоогийн түвшинд байлгах, зээлийн хямд эх үүсвэх олох нь л энэ жилийн хамгийн тулгамдсан зорилтууд байх болов уу.
-Гэтэл сонгууль дөхөөд бэлэн мөнгө тараах явдал дахиад гарах нь. Тэтгэвэрийн зээл тэглээд удаагүй байхад 1072 хувьцааны ногдол ашиг гээд иргэдэд өгөх нь. Энэ бодлого ер нь Монгол Улсын өртэй яаж уялдаж байгаа юм бол?
-Бодлого нь хэрхэн уялдаж байгааг үнэндээ мэдэхгүй юм. Харин танд АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Реган ярилцлагадаа хэлсэн нэг санааг хэлье. “Төсвийн зардлыг 15 тэрбумаар нэмэгдүүлэх, 80 тэрбумаар нэмэгдүүлэх хоёрын хооронд зарчмын хувьд ямарч ялгаа байхгүй. Адилхан л инфляцыг хөөрөгдөнө. Үүнийг засах маш амархан арга уг нь бий. Тэр нь улстөрчид үгүй л гэж хэлж сурах хэрэгтэй” гэсэн байдаг. Бэлэн мөнгө тараах явдлаас аль болох зайлсхийх л хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл учирч байгаа хохирол, дээр нь энэ их өрийг монголчууд бид бүгд л төлнө. Өөр хэн ч бидний өмнөөс төлж өгөхгүй шүү дээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (11)