Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайдын зүгээс хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах, Япон улсын нислэлийг 14 хоногийн хугацаатай цуцлах саналыг оруулсныг дэмжжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Ерөнхий сайдын зүгээс гуравдугаар сарын 2-ныг хүртэл хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах санал Засгийн газрын хуралдаанд оруулсан. Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явчихсан иргэд буцаж яаж ирэх вэ гэдэг асуудал үүсч байгаа. Тэдгээр хүмүүсийн гэрийн хаягыг хараад хот руу оруулна гэдэг ч юм уу иймэрхүү асуудлыг нарийвчлан Улсын онцгой комиссоор хэлэлцэн шийднэ. Ерөнхий сайд Япон улсын нислэгийг цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан.
Эдгээр асуудлыг УОК-ын хурлаар эцэслэн шийдээд, олон нийтэд мэдээлнэ. Маргааш ажлын өдөр. Төрийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн ажлын цагаа тооцоолж ажиллана. Гол нь Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарлаж байгаа. Олон нийтэд хандаж төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хөдөө гадаа явах эрсдэлтэй алхам битгий хийгээрэй гэж уриалж байна.
Засгийн газраас тогтоол гаргаж хамгаалах хувцас хэрэглэлд шаардаглах төсвийг баталлаа. Өмнө нь 4.2 тэрбум төгрөгийн төсөв баталсан байсан бол сая дахин 6.5 тэрбум төгрөгийн төсвийг нэмж батлаад байна. Эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас захиалсан. Эдгээр хэрэгсэл Сөүлд ирчихсэн байгаа. Энэ ачааг татаж авах асуудал яригдаж байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ-ын Инчоны нисэх буудал дээр дамжих өнгөрөх нислэгийн нэг ч зорчигч байхгүй. Одоогоор Турк, Орос, Казахстаны нислэг нээлттэй байгаа. Бангкок, Наритагийн нислэгүүд өнөөдөр хамгийн сүүлчийн нислэгээ үйлдээд маргаашаас зогсоож байгаа.
БНСУ-д нас барсан манай улсын иргэний үхлийн шалтгааныг тус улсын талаас албан ёсоор ирүүлнэ. Вирусээс эсвэл өөр өвчний улмаас нас барсан уу гэдгийг албан ёсоор мэдээллэх болно. Тухайн иргэн өмнө нь Солонгос улсад дөрвөн жил ажилласан. Ингээд хоёрдугаар сарын 12-нд тус улс руу явсан. Очоод эмнэлэгт шинжилгээ өгсөн. Солонгост халдвар авсан 2-3 тохиолдол тухайн иргэний шинжилгээ өгсөн эмнэлгээр үйлчлүүлж байсан юм билээ. Тэгэхээр Солонгост очоод халдвар авсан байх магадлал өндөр байгаа. Ойр байсан зургаан хүнээс нь шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Хамт ниссэн хүмүүсийг нь тусгаарлаад ажиглаж байгаа" гэв.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)