Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Наадмын тасалбар цахимаар худалдаалж эхлээд хоёр хоногийн дотор дууссан боловч тасалбар дамлаж 400 мянган төгрөгөөр худалдаална гэх зар цахим орчинд байршуулсан байсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа эхлүүлжээ.
Шалгалтын хүрээнд бүлэг этгээдийг шуурхай илрүүлэн нийт 215 ширхэг тасалбарыг хураан авсан бөгөөд ШӨХТГ-т шилжүүлэхээр болжээ.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Эрүүгийн цагдаагийн алба гурван этгээдийг олж тогтон шалгалтын ажиллагааг хийж байна. Ингэхдээ тодорхой тооны наадмын билетийг үнэ нэмж, худалдан борлуулсан асуудлыг илрүүлж, билетүүдийг хурааж авсан. Тус хэргийг харьяаллын дагуу ШӨХТГ руу шилжүүлэхээр ажиллаж байна. Цаашид энэ чиглэлд хяналтуудыг тавьж ажиллана" гэв.
Т.Мөнхжаргал