Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Шандсайтын сууринд хаврыг амдаж уулзсан тэмдэглэл

2023-2-15
0
ЖИРГЭХ

Гэнэт хаа нэг тийш одмоор санагдсан энэ өдөр урд зүгийг совингоороо мэдэрч, хэдэн өдөр тэмүүлсний эцэст санаагаа амраахаар хотоос гарлаа. 

"Зээ, уяхан замбуу тивийн наран нь

Энэхэн бүх дэлхий даяхнаараа

Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Уяхан замбуу тивийн наран

Жаа

Энэ сайхан замбуу тивийн наран

Илхэн бүхий дэлхий дээгүүр

Мөхдөлгүй дэлгэрч түгэн

Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа

Тэр лугаа адил

Олон түмний минь өршөөл

Үнэн сэтгэлтэй бүхнийг

Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ" гэж дуулахын учрыг мэдэж, говийн салхинд үс хийсгэхийг хүссэн тул явж буй минь энэ. Очих газар Дорноговь аймгийн Сайншанд хот.

Анх 2017 онд галт тэрэг гэх унаанд сууж үзэж байлаа. Дөтөлсөөр хүрэх хурдан унаа гэж итгэсэн ч дөнгөн, дөнгөн явсаар зорьсон газар хүргэдэг лазан унаа гэдгийг нь сууж байж л мэдсэн хэрэг. Их сургуулийн оюутан байсан цаг юм даа. Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” яруу найргийн дугуйланд тал бүрийн их сургуулиудаас бүрдсэн дотно нөхдийн хамт яруу найргийн тэмцээнд очсон нь тэр. Түүний дараа жил мөн л тэр бүрэлдэхүүнээрээ очсон билээ.

Хотоос гарч цэвэр агаарын сураг атгаж, ядаргаа тайлав. Уяхан замбуу тивийн наран манддагаараа мандаж, уулсын баргар төрх гэгээнд хучигдахтай зэрэгцэн зам хороов. Миний сууж яваа унаа бол сайн нөхрийн минь саяхан худалдаж авсан шинэ машин. Дотор дулаахан ч цонхны цан арилахгүй удах нь урд шөнө хэчнээн хүйтэн байсныг илтгэнэ. Физикийн хичээлдээ муу байсан бид цонхоо нээж, хааж үзэв. Аргаа бараад машины агааржуулагчийг хүйтнээр, халуунаар ч үлээлгэж амжив. Байдал огт дээрдсэнгүй. Явуут дунд л цан арилдгаараа арилсан юм.

Магад наранд ойрхон зүгт тэмүүлж, дулаан газрыг зорьж явсан болоод тэр биз. Хотоос гараад 20 км явсан ч утаа тэнд байсаар л. Сэтгэл баясах шалтгаантай болсон нь нар нэг талд мандаж байхад сар нөгөө талд хаяалж байлаа. Яг л нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Боржигоны бор тал” шүлэгт,

“Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог

Тэнгэрийн хэвтэр буурал тал минь” гэсэн шиг...

Уудам тал гэдэг урсах замд уужиртал цэлэлзэн байх нь гайхамшиг. Уултай газар төрж, ус гаталж явсан хүн чинь ийм уудам талыг нүд чилтэл харахаар сэтгэл сэтгэж, санаа тайтгарахгүй гээд ч яах билээ дээ. Саяхан мандсан нарны илч тэнгэрт өөд мацах тусам нь нэмэгддэг юм байна. Сая жилийн тэртээгээс газар шороо гэдэг цус, хөлс, давагдашгүй хүчин зүйлсийн хүндийг даасаар оршин байна гэдэг, одоо ч биднийг орогнуулан байна гэдэг үгээр хэлэмгүй энгийн, эгэлгүй сайхан. Сайншанд хүрэх авто зам гал тэрэгнийхтэй огтлолцож нэг, зэрэгцэж нэг урсана. Голт зүрхний угаас дуулмаар ийм уудам тал бас сэтгэл гэж өөр газар бий билүү.  Байдаг гэдгийг мэддэг ч ингэж асуумаар санагдлаа. Бүгдээр нь хэрэн тэнэмээр бодогдлоо. "Ямар уудам юм бэ Монголын тал нутаг" гэж өөрийн эрхгүй аялав.

Миний цээжинд нэгэн шад үргэлж явдгийг уншъя.

“Өглөө болж байхад асуулаа

Мэнэнгийн тал гэв

Өдөр болж байхад асуулаа

Мэнэнгийн тал гэв

Үдэш болж байхад асуув

Мэнэнгийн тал л гэлээ

Ай Мэнэнгийн тал, Мэнэнгийн тал, Мэнэнгийн тал аа...”

Үнэхээр тийм уудам тал юм уу, тийм уудам дэлхий юм уу. Үдсэн хүн нь цэг болоод уддаг тийм уудам тал л юм гэнэ лээ. Очиж нэг үзэх сэн. Хүндэт яруу найрагч, ах Чимиддоржийн Ренчиндоржийн шүлэгт “Тал миний мэдэх хамгийн том уул” гэсэн байдаг. Үнэндээ л миний давж барахгүй хамгийн том уул гэдэг тал л юм билээ. Юутай сайхан, бас уйтай вэ.  Ингэж бичсэн авьяастанд мөргөе.

Салхи гэдэг дураар дэгдэн буй энэ талд, хаа нэг шувууд нисэлдэнэ. Утасны шонг даган нүүрс ачсан галт тэрэгний чимээ хурдална. Угтаа энэ бүхэн хэний ч зурж, бичиж хүчрэхгүй энгийн нэгэн агшин юм билээ. Зурсан ч, бичсэн ч зуурдхан харагдах, уншигдах бүтээл болох биз. Ийм нандин агшинг нандин чигээр үлдээвэл хамгийн сайн бүтээл болно гэж сэтгэв. Байгаль өөрөө уран бүтээлч, бид ирж байж л мэдрэх ёстой гайхамшигт урланг тэр бүтээсэн. Өвс хагдарч, үлдсэн иш нь орчлонгийн уйтгар бүхэнд мэхийн үзэгдэхэд бут гэдэг ургамал эрэмгий нуруугаа улам цэхэлж, энэ талд алзахгүй зогсоно. Дагаад сэтгэл минь ч өндийгөөд ирэхэд давчуу хот ард үлдсэн байлаа.

Уур бухимдлаар тэтгэгдсэн хүйтэн хотоосоо хэсэг ч болов холдож, агаарын цэврээр гол зогоож, тэнгэрийн цэлмэгээр харц тэнэгэр явахад бодогдсон ганцхан зүйл бий. Тэр бол амгалан газар очиж аж төрөх хүсэл юм. Нэгэн цагт Хөвсгөл аймгийн Ханх суманд очиж үхэр хариулж амьдарна гэж их боддог байлаа. Тэр бодол минь хэвэндээ. Гэвч сүүлийн үед Эрдэнэт, Дархан зэрэг хотууд сэтгэл татах болов. Найз охин маань Дарханы хүн л дээ. Тэнд очиж үзэх минь ойрын төлөвлөгөө. Удахгүй дээ. “Цагаан сар”-ын дараа явчхаад ирнэ. Дархан хотод зам нь түгжрэлгүй, хүмүүс нь амгалан юм гэнэ лээ. Эрдэнэтэд амьдардаг найз минь ирээч гэж олон жил гуйсан сан. Очиж нүд тайлаад ирэх бас нэг төлөвлөгөөтэй болсон.

 

Зам зуураа бид “Уяхан замбуу тивийн нар”-аас эхлээд “Будантай юу буурал хорвоодоо, бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө” гээд л дуулсаар явав. Чойр хотоор зам дайрдаг юм билээ. Бас амгалан газар шиг санагдаж, буугаад үлдчихмээр байсан. Тус хотыг өнгөрөөд цас дүүрэн унасан, нарны гэрэлд нүд гялбасан өргөн талд хэсэг саатаж, суудлын чилээгээ гаргав. Үнэхээр л цас гэдэг цагаан өнгөний туйл аж. Нүд гялбаад юу ч харж чадахаа байсан юм.  Хамт яваа нөхөд минь тамхи, тариагаа эргүүлэх зуур цэвэрхэн цасаар нүүрээ угааж амжив. Удалгүй хүчит зүтгүүрийн чимээ бидний дэргэдүүр хүржигнэн өнгөрөв. Энэ өнөөх нүүрс ачсан галт тэрэг л дээ. Энэ чимээ бидний алжаасан бодлыг сэрээж, өмнө зүгт дагуулан хурдалсан юм.

Энэ үест яруу найрагч Б.Эрдэнэсолонгын

 “Аав минь намайг анх

Амьдралын галт тэргэнд суулгасан.

Ѳѳрѳѳ үлдсэн.

Хѳлс шивэр ханхийсэн,

Нийтийн, нялх хүүхэд орилсон,

                                         тийм галт тэрэг...

Хамгийн хайртай хар LEVI'S,

               бүх мѳрѳѳдлѳѳ эвхэж хийсэн

Аавын цүнх аргагүй хүнддэж байлаа,

Арван долоотой хѳвгүүнд.

Туулах зам ийм урт,

Тийм бэрх гэдгийг

Тѳсѳѳлж ч амжаагүй байтал

Зам тѳмѳр тачигнаж 211-р галт тэрэг

Салхи зүсэн ѳмнийг зорьж билээ.

Түүнээс хойш,

      зогсолтгүй хурдлах тэр галт тэрэг

Зүүд нойронд минь хүртэл

Дуут дохиогоо хангинуулсаар байх юм...”  гэх шүлгийг нөхөддөө дуудав. Бидний амьдрал яг энэ галт тэрэг шиг өмнийг зорьж, саад бэрхшээл, зовлон, жаргал бүхэн ард яг л Улаанбаатар хот шиг үлддэг гэдэгт итгэлээ.

Салхи юм бүхэнд хөг орж чаддаг. Аргийн сарайгаар, аавын эвдэрхий машины бүхээгт, алсыг дөтлөхөд буй биеэр хүртэл хөг орж исгэрнэ. Байгаль уран бүтээлч гэдэг ийм л үнэн юм. Нарнаас урьдаж босоод морио эмээллэж, уурга туялзуулан хатирч явахад салхи тэнд хамгийн сайхнаар исгэрэн байдаг. Тийм дээ адуучин хүн дуу аялан, шуранхайлж явдаг биз ээ.

Зорьсон газар минь Шандсайтын суурин. Энд хавар хэдийн ирчихсэн, оршин суугчид нь нимгэн хувцастай, хөнгөн санаашралтай алхална. Энэ бол миний мэдрэхийг хүссэн мэдрэмж яг мөн байлаа. Өвлөөс ирсэн бидэн хавартай энд уулзах тохиол таарав. Хавар байдаг л янзаараа хавсарга босгож, сэтгэл тэмтэрнэ. Хаа нэг золбин ноход тоглож, халаасандаа гараа шургуулсан залуус ийш тийш бөгтийн зөрнө. Чойроос Замын-Үүд хүртэлх зам нарийн хэдий ч үнэхээр сайхан зам тавигдсан байв. Харин Улаанбаатараас Чойр хүртэлх зам донсолгоо, хагарал ихтэй байсан юм. 

Аялал надад ядраах төлөвлөгөөт ажил шиг санагддаг. Аялж буй нэрээр ядарчхаад ирсэн минь олон болоод л тэр. Өмнө нь дандаа л шөнөөр галт тэргэнд явж ирдэг байсан болохоор замын урсгалд юуг ч аждаггүй байж. Харин энэ удаад их олон зүйлийн мэдрэгч байж чадсан. Өмнө  ирэхдээ Говийн дошгин ноён хутагт Данзанравжаагийн музей, Дорноговийн музейг тус тус үзэж байлаа. Харин энэ удаад би зүгээр л говьд ирж, голт зүрхээ аргадах төлөвлөгөөтэй байгаа.

Хэсэг гадуур алхаж, санаа алдаж явтал л бүрэнхий болсон. Энд нөхөд маань хувийн ажлаар ирсэн байж. Ажлаа амжуултал нь гадуур ийн явахдаа шар, хар ноходтой найз болсон. Шарыг нь би Сайн гэж нэрлэв. Харыг нь би Шанд гэж нэрлэв. Тэд нөхөрлөсөөр эндээ үхнэ. Тэнүүн амьдралын уй нь энэ. Тэгсэн ч тэднийг би огт мартахгүй. Ингэж бодоод л гунигаа асгачихлаа. 

Сайхан дууг ам дамжин дуулж, баяжуулж ирсэн хүмүүс бол говийнхон. Уул торохгүй, ус нь хол их талаар малаа дагаж яваа хүмүүс дуучин байхгүй гээд ч яах билээ. Энэ нутгаас СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, УГЗ Д.Ухнаа, СГЗ Б.Догмид, С.Сүхбаатар, Г.Жамьян зэрэг урлагийн алдартнууд төрөн гарсан. Харин нэг улсын баатар бий нь Дашийн Данзанваанчиг билээ. 

 

Дашийн Данзанваанчиг Монголын Ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудыг бут цохиход баатарлаг байлдаж, таван удаа шархадсан ч амь хайрлалгүй тулалдаж гарамгай гавьяа байгуулжээ. 1945 оны есдүгээр сарын 26-нд Монгол улсын баатар цолоор шагнагдсан гэдэг. 

 

Дорноговь аймаг 14 сумтай. Өргөн, Сайхандулаан, Дэлгэрэх, Айраг, Мандах, Улаанбадрах гээд л аргагүй дулаан уур амьсгалтай, наранд ойрхон газар гэдгийг сумдых нь нэрнээс харж болж байна. Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халдаг.  Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байгаа гэх гунигт мэдээ бий. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг. 

Дорноговь аймаг ХI, ХII зууны үеийн Монголын эзэнт гүрний үед Онгуд аймаг, Манжийн ноёрхлын үед Түшээт хан болон Сэцэн хаан аймаг, Автономит төрийн үед Богд хаан уулын аймагт багтаж байжээ. Чингис хааны төрийн найман хөлт их цагаан сүлдний дагуул найман тугийн нэг, бага цагаан тугийг одоогийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх толгойд тахиж байсан түүхтэй. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн юм. Иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг бичиж, 120 гаруй дууны үг аяыг зохиож,50 орчим сүм хийдийн барилгын зургийг зурж, бариулсан болон уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагт хөгжүүлсэн гавьяат үйлстэн байлаа.

Эртнээс нааш хилийн хаалга болсон Замын-Үүдээс Чойрыг дамжин их Хүрээ ордог гүнж зам, Чуулалт хаалгаас Улиастай ордог харчин буухиа өртөөний зам гэж хоёр их зам тус аймгийн нутгаар дайран гардаг байв. Энэ нь гадаад худалдаа, соёл нэвтрэх зам болж байсан юм. 1911 онд Монголчууд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна. 1921 оны Ардын хувьсгалын дараагаар Монголын ард түмэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд шинэ шинэ өөрчлөлт хийж, амжилт олж, хөгжил дэвшлийн замд орсон юм. Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчлэн, аймаг байгуулах шийдвэрийг 1930 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Засгийн Газар шийдвэрлэж, улмаар 1931 онд Дорноговь аймгийг байгуулснаар тус аймгийн шинэ үеийн түүх эхэлсэн билээ.

Сайншанд хотоос хэсэг яваад бидний сайн мэдэх "Хамрын хийд" буюу энергийн төв байдаг. Тийш очих гэсэн боловч орой болсон тул хот руу буцахаар болсон юм. Ямартай ч ирсэн зорилго минь биелсэн. Агаарын сайханд учрал товлосон юм шиг л хавартай уулзаад буцлаа.

Амьдрал энд мөнхийн жамаараа эргэж, аялсан дууг минь уудам талаар хөтлөн нисэх говийн салхи үлгэр болов. Заасан үлгэрээр нь замаа дагаж амьдарвал заавал нэг сайхан зүйл ирээдүйд бүтээхээ мэдлээ. Баяртай гэж хэлэхийн оронд агаар амьсгалаад санаа алдалт болгож үлдээлээ. Шандсайтын сууринд амьдрал хавар хоёр эргэж уулзсан баяраа тэмдэглээд мөддөө Улаанбаатарт ирэх завгүй байгаа дамжуулсан шүү. Удахгүй ирэхэд нь яаж тосож авахаа би лав мэднэ. Харин та нар бэлтгэлтэй байгаарай... 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    12 цаг 42 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    13 цаг 22 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    14 цаг 3 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    14 цаг 41 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    15 цаг 36 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    15 цаг 39 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    16 цаг 7 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    16 цаг 11 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    16 цаг 12 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    16 цаг 32 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    16 цаг 37 мин
  • Милан–Кортина 2026: Олимпын медаль эвдэрсэн асуудлыг шалгаж эхэллээ
    16 цаг 45 мин
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    16 цаг 50 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    17 цаг 13 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    17 цаг 52 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    18 цаг 5 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    18 цаг 12 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    18 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    18 цаг 37 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    18 цаг 38 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК