
Милан–Кортина 2026 өвлийн олимпын зохион байгуулагчид тамирчдын гар дээр очсон медаль эвдэрч, туузнаасаа салж буй шалтгааныг нарийвчлан шалгаж эхэлснээ мэдэгдлээ. АНУ-ын алтан медаль хүртсэн тамирчид болох Брийзи Жонсон, Алиса Лиү нар шагналаа авсныхаа дараахан тууз нь тасарсан тухай олон нийтэд мэдээлсэн нь асуудлыг ил болгосон юм. Жонсон эмэгтэйчүүдийн уулын цанын уруудах төрөлд түрүүлснийхээ дараа хэвлэлийн бага хурал дээр эвдэрсэн медалиа үзүүлж, “Медаль, тууз хоёр салчихсан байна” хэмээн тайлбарласан бол Лиү мөн адил байдлыг сошиал бичлэгээрээ харуулжээ.
Ийм асуудал зөвхөн АНУ-ын тамирчдаар хязгаарлагдсангүй. Германы биатлоны баг хүрэл медаль хүртсэний дараа баяр тэмдэглэж байх үеэр нэг тамирчны медаль туузнаасаа унаж буй бичлэг Инстаграм дээр нийтлэгдсэн байна. Үүний дараа зохион байгуулах хорооны үйл ажиллагаа хариуцсан захирал Андреа Францис уг асуудалд “хамгийн дээд зэргийн анхаарал хандуулж байгаа”-гаа онцолж, медаль гардуулах мөч тамирчдын хувьд хамгийн чухал агшин учраас төгс байх ёстой гэдгийг мэдэгдэв.

АНУ-ын Олимп, Паралимпын хорооны төлөөлөгчид ч мөн зохион байгуулагчдын зүгээс асуудлыг бүрэн шийдвэрлэхийг хүлээж буйгаа илэрхийлсэн байна. Одоогоор эвдэрсэн медалиудыг солих эсэх нь тодорхой болоогүй байгаа ч энэ нь Олимпын түүхэнд анх удаа тохиолдож буй хэрэг биш юм. Тухайлбал, Парис 2024 олимпын дараа 220 гаруй тамирчин медалийн элэгдэл, өнгө алдалтаас шалтгаалан солих хүсэлт гаргаж байжээ.
Ийнхүү дэлхийн шилдэг тамирчдын хөдөлмөр, амжилтыг бэлгэдэх ёстой олимпын медалийн чанартай холбоотой асуудал дахин сөхөгдөж, зохион байгуулагчдын өмнө хариуцлагатай, яаралтай шийдвэрлэх шаардлагатай сорилт болоод байна.
Эх сурвалж: BBC






















































