
Африкийн төв хэсэгт, ялангуяа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Уганда улсын хил орчмын бүсэд гарсан Эболагийн шинэ дэгдэлт дэлхий нийтийн анхаарлыг татаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас “олон улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндийн онц байдал” зарласан байна.
Одоогийн байдлаар 300 гаруй сэжигтэй тохиолдол, 80–88 орчим нас баралт, хэд хэдэн бүс нутгаар тархалт бүртгэгдээд байна. Дэгдэлт нь ховор Бундибугио (Bundibugyo) төрлийн Эбола вирусаас үүдэлтэй бөгөөд энэ төрөлд зориулсан баталгаатай эмчилгээ, вакцин одоогоор байхгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
АНУ болон олон улсын байгууллагууд хариу арга хэмжээнд оролцож, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг аюулгүй бүс рүү шилжүүлэх, эмнэлгийн тандалт хийх ажиллагааг зохион байгуулж байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) Африк дахь салбаруудаараа дамжуулан дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөн ДЭМБ ойр орчмын улс орнуудад халдвар тархах өндөр эрсдэлтэй тул хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай чангатгахыг уриалжээ.
Л.Баяр




























































