
Монголчууд жилдээ нэг удаа баяр наадмаа хийж, хамгийн цэц мэргэн харваач, хамгийн хурдан хүлэг, хамгийн хүчтэй бөхөө шалгаруулдаг болоод 105 дахь жилтэйгээ золгох гэж байна.
Өмнөх жилүүдийг ажвал наадмын бөхийн барилдаан тойрсон маргаан ихэссэн үү гэхээс биш багасаагүй. Үүнд улстөрчдийн нөлөө жин дардаг. Гэтэл маргааныг улам дэвэргэх аятай өнөө жил 1024 бөх барилдуулах хуулийн салхи сэвэлзлээ.
Хаанаас эхлэв, хэнд ашигтай вэ. Хууль баталсан гишүүд маань сонгуулийн үеэр хийсэн нэг ажилтай болж очих гэж. Сангийн сайдын хэлдэг шиг нутагтаа хайртай хүн болох гэж. Баяр наадам дөхөх тусам ийм асуудал гарсаар яг 20 дахь жилтэйгээ золгож байна.
Тэгш ойн нэрийдлээр 1024 бөх барилдуулснаар чанаргүй цолтон нэмэгдэнэ, мөнгөөр цол авдаг байдлыг гааруулах гэж байгаатай өнгө ижил. Ер нь 1024 бөх барилдсан жилийн наадамд түрүүлсэн бөх дахин түрүүлсэн удаагүй. Эндээс юу анзаарагдаж байна. Чанаргүй цолтон. Дурдая, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Ч.Санжаадамба, О.Хангай нар байна. Тэд нараас доош харвал бүр чанар султай цолтон харагдана. Улсын начин гэхэд 10-аар тогтохгүй. Бас харцага, заан ч нэгээр хязгаарлагдахгүй.
Ийм дүр зураг бидэнд үлдсэн нь үнэн. Тэгээд тойргийнхоо залуусыг цолтонд хүргэх гэж чармайх улс төрчид энэ батлах гээд чармайж байгаа хуулийн цаана нуугдаж байгаа нь бас үнэн. Цолны наймаа чинь үнэн хэрэгтэй авлига мөн үү, мөн.
Заавал 1024 бөх барилдуулах гэж. Монгол төрийн наадмыг улс төрчид самардаг байдлыг зогсоомоор байна. Аварга, арслан болох замыг хөнгөвчилснөөр бөхийн дархлаа, бөхчүүдийн амжилтын замд садаа болоод байна. Ойлгож байна уу.
1024 бөх барилдуулах хуулийн төсөл явж эхлэхгүүт зарим аймгийн гишүүдийг лобидох гэж барилдах эрхээ хасуулсан бөхийн эрхээр найдаж байна. Хэрэв хууль батлагдвал, сүүлд эрхээ хасуулсан хоёр аймгийн бөхийг барилдуулая, үгүй бол хэвээр үлдээе гэж байна уу. Хууль батлах, эрх сэргээх асуудал энэ долоо хоногт яригддаг нь их хачирхайлтай.
Л.Баяр




















































