
Улсаараа өчигдөр баярлав. Н.Учралын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээг амжилттай хийж Рио Тинтогоос авсан зээлийн хүүг 7.9 хувь руу буулгаснаа зарлав. Ингэснээр 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж, авсан зээлээ гурав дахин биш хоёр дахин өсгөж төлөхөөр болж чадлаа. Долоон жилд ганцхан удаа л зээлийн хүүг буулгах талаар дуугарах эрхтэй байдаг Монголын Засгийн газар энэ хугацааг гурван жил болгон буулгаж чадлаа. "Засгийн газрын саналыг хүлээж авахгүй бол цаашид хамтран ажиллах боломжгүй" гэсээр Н.Учрал Онтрэгийн хэлэлцээг ч эхлүүлэхээр болоод авлаа. Зээлийн хүүг бууруулсандаа барьцаалагдчихалгүй Онтрэгийн хэлэлцээг эхлүүлэхээр болж байгаа нь өчигдрийн бас нэгэн баярламаар мэдээлэл яах аргагүй мөн байв.
Монгол Улсын Засгийн газар болон Rio Tinto-гийн хооронд Оюутолгойн зээлийн хүү, менежментийн зардал, Монголын хүртэх өгөөжийн бүтцийг илүү тэнцвэртэй болгох чиглэлээр өрнөсөн урт хугацааны хэлэлцээ ийн үр дүнд хүрч, Монгол Улсын өгөөжийг 13 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна. 17 жилийн дараа монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргасныг мэдээлэхдээ Ерөнхий сайд Н.Учрал "Монголын заяа их" хэмээн тодотгосон бол, Сангийн сайд З.Мэндсайхан "Би эх орондоо хайртай" гэсэн нь энэ хэлэлцээ ямархуу нөхцөлд явагдсаныг, түүний ард яаж гарсныг илэрхийлсэн эмоци, сэтгэл хөдлөл байлаа. Энэ хэлэлцээг ийм үр дүнтэйгээр дуусгасан Н.Учралын Засгийн газарт талархах нь үнэхээр зүйн хэрэг. Гэхдээ энэ бүхнийг эхлүүлж замын чулууг нь түүсэн Г.Занданшатар Ерөнхий сайдыг бас мартаж болохгүй.
Тухайн үед Ерөнхий сайд Г.Занданшатар, “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” хэмээн мэдэгдэж, Монголын байгалийн баялгийн бодит өгөөж Монголын ард түмэнд үлдэх ёстой гэсэн төрийн байр суурийг Rio Tinto-д тодорхой илэрхийлж байсан билээ. Өнөөдөр тэр байр суурь бодит хэлэлцээ болон үргэлжилж, Монголын эрх ашгийг ахиулах шийдвэрүүд гарч эхэлж байна.
Г.Занданшатарын Засгийн газар суурийг нь тавьж, Н.Учралын Засгийн газар дуусгасан энэ хэлэлцээ Монгол төрийн бодлогын залгамж чанарыг үнэ цэнтэйгээр өргөж чадлаа. Замын чулууг нь түүсэн экс Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдрийн мэдээллийн үеэр гарч ирэн "Би, Би" хэмээгээгүй нь улс төрийн бас нэгэн эерэг соёл байлаа.
А.Болдбаатар




















































