
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны хоёр дахь тойргийн тоглолтууд үргэлжилж, хэсгүүдийн өрсөлдөөн улам ширүүсэв. Зарим багууд хасагдах шатны эрхээ бараг баталгаажуулсан бол зарим нь сүүлийн тойрогт хувь заяагаа шийдэх хатуухан шалгууртай нүүр туллаа.
Хоёр дахь тойргийн хамгийн анхаарал татсан тоглолтуудын нэг нь А хэсэгт болсон Мексик–Өмнөд Солонгосын тулаан байв. Талбайн эзэн Мексик өрсөлдөгчөө 1:0-ээр буулган авч хоёр дараалсан ялалт байгуулснаар хэсгээ тэргүүлж эхэллээ. Мөн Чех, Өмнөд Африкийн тоглолт 1:1-ээр өндөрлөснөөр тус хэсгийн хоёрдугаар байрын төлөөх өрсөлдөөн нээлттэй хэвээр үлдэв.
В хэсэгт Канад жинхэнэ хүчээ харуулж, Катарыг 6:0-ээр бут ниргэн тэмцээний хамгийн том ялалтын нэгийг байгууллаа. Харин Швейцарь Босни Герцеговиныг 4:1-ээр хожсон бөгөөд хоёр баг хоёулаа хасагдах шатны эрхийн төлөө хүчтэй өрсөлдөж байна.
С хэсэгт Бразил Хаитиг 3:0-ээр буулган авч анхны ялалтаа байгуулсан бол Марокко Шотландыг 1:0-ээр хожиж хэсгээс гарах боломжоо нэмэгдүүлэв. Бразил, Марокко хоёрын сүүлийн тойргийн тоглолтууд онцгой ач холбогдолтой болж байна.
D хэсэгт АНУ Австралийг 2:0-ээр хожсоноор зургаан оноотой болж хасагдах шатанд шалгарахаа бараг баталгаажууллаа. Парагвай мөн Туркийг 1:0-ээр буулган авч өрсөлдөөнөө хадгалсан байна.
Е хэсэгт Герман Кот-д'Ивуарыг хүнд тоглолтын эцэст 2:1-ээр ялж, дараагийн шатанд шалгарах эрхээ хугацаанаас нь өмнө авсан анхны Европын багуудын нэг болов. Харин Эквадор, Кюрасаогийн тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн юм.
F хэсэгт Нидерланд Шведийг 5:1-ээр бут ниргэж аваргын өнгөө харуулсан бол Япон Тунисийг 4:0-ээр илүүрхэн Азийн хөлбөмбөгийн хүчийг дахин батлав. Энэ хэсгийн сүүлийн тойрогт Нидерланд, Японы аль нь хэсгээ тэргүүлэх вэ гэсэн сонирхолтой өрсөлдөөн өрнөнө.
G хэсэгт Бельги, Иран хоёр 0:0-ээр тэнцэж, Египет Шинэ Зеландыг 3:1-ээр хожсон. Ингэснээр хэсгийн хувь заяа сүүлийн тойрог хүртэл шийдэгдэхгүй нь тодорхой болов.
H хэсэгт Испани Саудын Арабыг 4:0-ээр бут ниргэсэн бол ДАШТ-д анх удаа оролцож буй Кабо Верде Уругвайтай 2:2-оор тэнцэн тэмцээний хамгийн том сюрпризуудын нэгийг бүтээлээ. Тэд өмнө нь Испанитай ч тэнцээд байсан бөгөөд ийнхүү хоёр тоглолтоос хоёр оноо аваад байна.
Ингээд хоёр дахь тойргийн дараах байдлаар Мексик, АНУ, Герман зэрэг багууд хасагдах шатны үүдийг нээсэн бол Бельги, Уругвай, Бразил зэрэг аваргын төлөө өрсөлдөгчид сүүлийн тоглолтдоо бүхнийг шийдэх шаардлагатай боллоо. Харин өнөөдөр I болон J хэсгийн тоглолтууд үргэлжилж, Франц, Аргентин зэрэг фаворитууд хоёр дахь тоглолтоо хийхээр бэлтгэж байна.
Л.Баяр
















































