
Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит XXVIII хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Хуралдаанд Монголын талаас Хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга, Архивын ерөнхий газрын дарга Л.Нямгэрэл, Оросын талаас Хамтарсан комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга, Төрийн нарийн бичгийн дарга А.В.Юрасов тэргүүтэй Хамтарсан комиссын гишүүдээс гадна яамд, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, төрийн архивын удирдах ажилтнууд мөн эрдэмтэн судлаачдын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хамтарсан комисс 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Монгол, Оросын архивын байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, архивын баримтыг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр тогтвортой ажиллаж байгаа юм. Энэ удаагийн хуралдаанаар Хамтарсан комиссын Монголын хэсгээс Оросын Холбооны Улсын архивуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүхэн ач холбогдол бүхий баримтыг илрүүлэх, судлах, судлаачдыг харилцан солилцох, зарим баримтуудын хуулбарыг эх орондоо авчирч, Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулахад илүү нягт хамтран ажиллах талаар санал дэвшүүллээ.
















































