Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зам дагуу байрласан реклам, зар сурталчилгааны самбаруудыг буулгах шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор зарим дүүрэг энэхүү ажлыг эхлүүлээд байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн өмнөх хонхтой хэсгийн талбайд босгосон реклам, сурталчилгааны самбаруудыг буулгаж байгаа бөгөөд оронд нь цэцэрлэгжүүлэлтийг нөхөн сэргээхээр болжээ. Энэ талаар захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр “Рекламны самбар буулгах ажилтай холбоотойгоор гадуур элдэв цуу яриа тархсан. Самбаруудыг буулгаж оронд нь барилга, үйлчилгээний төв барина гэх зэрэг яриа байна. Самбаруудыг буулгаж цэцэрлэгжүүлэлтийг нөхөн сэргээхгүй бол нийслэлийн төв цэг атлаа үнэхээр замбараагүй болчихож. Мод, бут сөөгийг нь хугациж, тэнэмэл иргэд нь хоноглодог ганц газар болж. Тиймээс үүнд анхаарал тавих болно” гэсэн тайлбар өгч байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
























































