
ОХУ-д наймдугаар сарыг түүхэн дэх улс төр, эдийн засаг, цэрэг дайны хүнд хямралууд давтагддаг үе хэмээн “Хар наймдугаар сар” гэж нэрлэдэг. Энэ оны наймдугаар сард ч Орос улс олон талын дарамттай тулгарч байгааг CNN агентлаг онцолжээ.
Өнгөрсөн хугацаанд наймдугаар сард Орост томоохон үйл явдлууд өрнөж байсан. Тухайлбал, 1991 онд төрийн эргэлт хийх оролдлого гарч, улмаар ЗХУ задрах үйл явц хурдассан. 1998 онд санхүүгийн хямрал нүүрлэж, рублийн ханш огцом унасан. Харин 2000 онд “Курск” цөмийн шумбагч онгоц осолдож, 2008 онд Орос, Гүржийн дайн эхэлсэн.
Энэ жил Украины дайны дарамт Оросын эдийн засагт улам хүчтэй мэдрэгдэж байна. Украин Оросын нутаг дэвсгэр дэх нефть боловсруулах үйлдвэр, шатахууны агуулах, ложистикийн байгууламжуудад цохилт өгөх болсон нь зарим бүс нутагт шатахууны хомсдол, урт дараалал үүсгэжээ. Мөн дайны фронтод Оросын давшилт хүлээлтээс удаан байгаа талаар CNN дурдсан байна.
Гэсэн ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нөхцөл байдлыг ноцтой хямрал мэт харагдуулахгүй байхыг хичээж байгаа аж. Тэрээр Украины халдлагын улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ эдийн засагт ноцтой үр дагавар гарахгүй гэж мэдэгджээ.
Үүнээс гадна Орост улс төрийн сөрөг хүчний орон зай улам хумигдаж байна. CNN-ийн үзэж буйгаар Путин дайныг ашиглан дотоодын сөрөг хүчнийг дарах бодлогоо эрчимжүүлсэн. 2026 оны “Хар наймдугаар сар” Оросын хувьд дайн, эдийн засгийн дарамт, шатахууны хомсдол, улс төрийн хямрал зэрэг олон асуудал давхцсан үе болж байна.
Л.Баяр
























































