
АНУ-ын холбооны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас 75 улсын иргэдэд цагаачлалын виз олголтыг түдгэлзүүлсэн бодлогыг хүчингүй болголоо. Нью-Йоркийн Өмнөд дүүргийн холбооны шүүгч Жаннет Варгас баасан гарагт гаргасан шийдвэртээ уг бодлогыг “хуульд харш” хэмээн дүгнэж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзжээ.
Трампын засаг захиргаа энэ оны нэгдүгээр сард 75 улсын иргэдэд АНУ-д байнга суурьших боломж олгодог цагаачлалын визийн боловсруулалтыг зогсоосон юм. Үүнд Афганистан, Бразил, Египет, Иран, Ирак, Нигери, Сомали, Тайланд, Йемен зэрэг улс багтжээ. Төрийн департамент уг шийдвэрийг эдгээр орноос ирэх цагаачид АНУ-ын нийгмийн халамжийг хууль бусаар ашиглах, улмаар төрд санхүүгийн дарамт болох эрсдэлтэй холбоотой гэж тайлбарлаж байсан.
Гэвч шүүгч Варгас консулын ажилтнуудад виз мэдүүлэгчийн төрсөн улс, харьяаллаас нь шалтгаалан виз олгохоос татгалзах чиглэл өгсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн визийн бусад шаардлагыг хангасан байсан ч зөвхөн харьяалалд нь үндэслэн визээс татгалзах боломжтой болсон нь хуульд нийцэхгүй гэж шүүх дүгнэжээ. Шүүхийн шийдвэрээр уг бодлогыг үндэслэн өмнө нь татгалзсан визийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, холбогдох өргөдлүүдийг ердийн цагаачлалын хуулийн дагуу дахин авч үзэхээр болжээ. Гэхдээ өөр хууль, шаардлага зөрчсөн үндэслэлээр татгалзсан визүүд энэ шийдвэрт хамаарахгүй.
Уг хэрэгт АНУ-ын иргэдийн гадаадад байгаа гэр бүлийн гишүүд болон цагаачлалын виз мэдүүлэгчид оролцсон бөгөөд визийн хориг нь гэр бүлүүдийг удаан хугацаагаар тусгаарлаж, ажил эрхлэхээр АНУ-д очих төлөвлөгөөг нь ч саатуулсан гэж нэхэмжлэгчид үзсэн байна.
Шүүгч Варгас мөн АНУ-ын цагаачлалын хууль нь виз олгох эсэхийг тухайн хүний нөхцөл байдлыг харгалзан консулын ажилтан тус бүрээр нь шийдвэрлэх эрхийг хамгаалдаг гэж онцолжээ. Харин Трампын засаг захиргааны бодлого энэ эрхийг үндсэндээ хязгаарласан байна. Гэсэн хэдий ч энэ шийдвэр нь Трампын засаг захиргаанд эцсийн цохилт биш. Засгийн газар шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой бөгөөд цаашид уг маргаан дээд шатны шүүхээр үргэлжилж болзошгүй байна.
Л.Баяр

























































