
БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт ард иргэдээ “няцашгүй тэмцлийн сэтгэл” гаргахыг уриалжээ. Тэрбээр мөн 1989 оны Тяньаньмэний талбайд болсон ардчиллын төлөөх жагсаалыг эрх баригч Коммунист нам хүчээр дарах шийдвэр гаргасныг сайшаасан байна. Ши Жиньпин энэхүү мэдэгдлээ Хятадыг 1993-2002 онд удирдаж байсан өмнөх удирдагчдын нэг болох Зян Зэминий мэндэлсний 100 жилийн ойд зориулсан томоохон арга хэмжээний үеэр хийжээ. Зян Зэмин 2022 онд нас барсан юм.
Ардын Их Хурлын ордонд болсон арга хэмжээнд олон мянган албан тушаалтан, төлөөлөгч оролцсон бөгөөд Ши Жиньпин Хятад улс хүнд сорилттой тулгарч байгаа ч эдгээрийг даван гарч чадна хэмээн онцолжээ.
Тэрбээр:
“Няцашгүй тэмцлийн сэтгэл, онцгой чадавхынхаа ачаар бид ширүүн давалгаа, бүр догшин шуурга байсан ч томоохон сорилтуудтай идэвхтэй нүүр тулна” гэж хэлсэн байна.
Мөн “үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаалж, эдийн засгийн хурдацтай хөгжил болон урт хугацааны нийгмийн тогтвортой байдлын хоёр их гайхамшгийн шинэ хуудсыг бичих ёстой” гэжээ. Энэхүү илтгэл хэр чухал болохыг харуулах нэг үзүүлэлт нь Хятадын эрх мэдлийн хамгийн өндөр түвшний байгууллага болох Улс төрийн товчооны Байнгын хорооны долоон гишүүн бүгд, мөн нам, төрийн албыг хашиж байсан ахмад удирдагчид арга хэмжээнд оролцсон явдал байв.

Зян Зэминий улс төрийн оргилд хүрэх зам 1989 оны Тяньаньмэний талбайн ардчиллын төлөөх эсэргүүцлийн үеийн үймээн самуунтай зэрэгцэн эхэлсэн юм. Тухайн үед Хятадын цэргүүд ардчиллын төлөө жагсагчдын эсрэг хүч хэрэглэн ажиллагаа явуулж, эсэргүүцлийг цуст аргаар дарсан. Өнөөдрийг хүртэл энэ үйл явдал эх газрын Хятадад улс төрийн хувьд хамгийн эмзэг, хориотой сэдвүүдийн нэг хэвээр байна. Ши Жиньпин 45 минут үргэлжилсэн илтгэлдээ Зян Зэминий олон арван амжилтыг дурдсан бөгөөд Тяньаньмэний ардчиллын төлөөх жагсаалын талаар сайшаалын үгийг олонтоо хэлэв. Тэрбээр Коммунист нам жагсаалыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, цэрэг, танк ашиглан талбайг чөлөөлөх эцсийн шийдвэр гаргасныг сайшаасан байна.

Ши Жиньпин:
“1989 оны хавар, зуны зааг үед Хятад улс улс төрийн ноцтой үймээн самуунтай тулгарсан. Нөхөр Зян Зэмин Төв хорооны зөв шийдвэрийг тууштай дэмжиж, хэрэгжүүлэн, Шанхай хотын тогтвортой байдлыг үр дүнтэй хамгаалсан” гэжээ.
Тяньаньмэний цуст дарамт шахалтын дараахан Зян Зэмин Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар гэнэт томилогдсон юм. Учир нь түүний өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян жагсагчдад хэтэрхий нааштай хандсан гэдэг. 1993 он гэхэд Зян Зэмин маргаангүйгээр Хятадын удирдагч болжээ. Түүний удирдсан үед Хятадын эдийн засаг эрчимтэй өсөж, улс орон дэлхийн эдийн засагт улам нээлттэй болсон байна.
Л.Баяр



















































