
Португалын хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду болон түүний удаан хугацааны хамтрагч Жоржина Родригес нар гэрлэжээ. Хосууд 10 орчим жил хамт амьдарсны эцэст наймдугаар сарын 11-нд Португалын Кашкайш хотод гэрлэх ёслолоо үйлджээ. 41 настай Роналду болон 32 настай Жоржина нар хуримынхаа талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлээгүй бөгөөд ёслолыг маш цомхон хүрээнд зохион байгуулжээ. Тэдний таван хүүхэд хуримын ёслолд нь оролцсон байна.
Хосууд гэрлэснээ сошиал хуудсаараа дамжуулан өөрсдөө баталжээ. Роналду Жоржинатай гар гараасаа барьсан, хуримын бөгжөө харуулсан зургийг нийтэлж, “C❤️G” гэсэн товч тайлбар бичсэн байна.
Роналду, Жоржина нар анх 2016 онд Мадрид дахь Gucci дэлгүүрт танилцжээ. Тухайн үед Жоржина тус дэлгүүрт ажиллаж байсан бөгөөд тэдний харилцаа удалгүй хайр дурлал болон үргэлжилсэн байна. 2017 оноос хосууд харилцаагаа олон нийтэд ил тод болгож эхэлсэн юм.

Тэд хамтдаа таван хүүхэд өсгөж байгаа бөгөөд гэр бүлийн амьдралаа олон жилийн турш олны анхаарлаас харьцангуй тусгаарлахыг хичээж ирсэн. Жоржина өөрийн амьдрал, Роналду болон хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж буй мөчүүдийнхээ талаар Netflix-ийн “Soy Georgina” баримтат цувралаар дамжуулан үзэгчдэд хүргэж байсан билээ.
Хосууд 2025 оны наймдугаар сард сүй тавьснаа зарласан. Тухайн үед Жоржина сүйн бөгжөө харуулсан зургаа нийтэлж, Роналдутай гэрлэх саналыг хүлээн авснаа мэдэгдэж байв.
Роналду өмнө нь хуримын ёслолыг ДАШТ-ий дараа хийхээр төлөвлөж байгаагаа ярьж байсан бөгөөд Жоржина том, сүр дуулиантай баярт дуртай хүн биш тул түүний хүсэлтийг хүндэтгэнэ гэж хэлж байжээ.
Л.Баяр


















































Сэтгэгдэл (1)