
АНУ Мексикийн Сонора мужаас үхэр импортлохыг наймдугаар сарын 24-нөөс дахин эхлүүлэхээр бэлтгэж байна. Гэвч тус мужид “Шинэ дэлхийн скрюөт” (New World screwworm) хэмээх малын мах, эд эсээр хооллодог шимэгч ялаа анх удаа илэрсэн нь шийдвэрийн талаар дахин маргаан үүсгэжээ. Уг шимэгчийн авгалдай нь үхэр болон бусад амьд амьтны амьд эд эсээр хооллож, шарх үүсгэн, эмчлэхгүй бол үхэлд хүргэх аюултай. Энэ нь хүний эрүүл мэндэд ч эрсдэл учруулж болзошгүй боловч гол хохирол нь мал аж ахуйн салбарт учирдаг.
Шинэ дэлхийн скрюөт АНУ-д хэдэн арван жилийн өмнө устгагдсан байсан ч 2024 оны сүүлээр Мексикт дахин тархаж эхэлжээ. Үүний улмаас АНУ Мексикээс үхэр импортлохыг удаа дараа зогсоож, хамгийн сүүлд 2025 оны долдугаар сард хориг тавьсан байна.
Хориг нь хоёр улсын мал аж ахуйд ихээхэн хохирол учруулжээ. Мексикийн үхрийн экспортын салбар жилд ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларын орлого олдог байсан бол АНУ-д үхрийн нийлүүлэлт буурч, махны үнэ түүхэн өндөр түвшинд хүрсэн байна.
АНУ-ын тал Сонора мужаас импортыг эхлүүлэхдээ малыг хилээр нэвтрэхээс өмнө олон шатны үзлэгт хамруулж, тусгай боловсруулалт хийхээр төлөвлөжээ. Мөн мал бүрийг радио давтамжийн таних төхөөрөмжөөр бүртгэж, мэргэшсэн ажилтнууд болон нохойгоор шалгах зэрэг арга хэмжээ авна.
Гэсэн хэдий ч Сонорад анхны тохиолдол илэрсэн нь фермерүүдийн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. АНУ-ын албаныхан нөхцөл байдал дордвол үхрийн импортыг шууд зогсоох боломжтой гэдгээ мэдэгджээ.
Л.Баяр



























































