
48 настай Япон эр 7 настай хүүгээ Фүжи уулын замд ганцааранг нь үлдээгээд, том хүүтэйгээ хамт оргил өөд авирсан хэрэг гарчээ. Энэ явдал наймдугаар сарын 20-ны өглөө Фүжи уулын Фүжиноми чиглэлд болсон байна. Гэр бүлээрээ ууланд авирч байх үед 7 настай хүү ядарч, цааш явах боломжгүй болсон аж. Тэд далайн түвшнээс ойролцоогоор 2,490 метрийн өндөрт буюу зургаа дахь буудалд хүрээд байжээ. Энэ үед аав нь хүүдээ “энд хүлээж бай” гэж хэлээд, бага хэмжээний зууш, ундаа үлдээн, өөр нэг хүүтэйгээ цааш авирсан байна.
Аав нь хүүгээ орхисноос хойш оргилд хүрэхэд тав орчим цаг, буцаж ирэхэд дахиад хэдэн цаг шаардлагатай байжээ. Ингэснээр хүүхэд ууланд олон цагийн турш ганцаараа үлдсэн байна. Өглөөний 07:30–07:40 цагийн орчимд уулын овоохойд ажилладаг хүн хүүг ганцаараа сууж байхыг олж харжээ. Тухайн үед ууланд бороо орж, манан татаж эхэлсэн байсан тул ажилтан хүүхдийг дотогш оруулж, цагдаад мэдэгдсэн байна.
Цагдаа нар аавыг уулын найм дахь буудлын орчимд явж байхад нь олж, хүүгээ авахаар буцаж очихыг шаардсан байна. Улмаар гэр бүл дахин нэгдэж, 7 настай хүү ямар нэгэн гэмтэл аваагүй аж. Цагдаа нар аавд хүүхдээ ууланд ганцааранг нь орхисон үйлдлийнх нь төлөө хатуу сануулга өгчээ. Аав нь хийсэн үйлдлээ “бодлогогүй шийдвэр байсан” хэмээн хүлээн зөвшөөрч, харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Японы цагдаагийн байгууллага ууланд аялж буй хүмүүс хамгийн их ядарч буй хүнийхээ хурдад тохируулан хамт явах ёстой бөгөөд хүүхдийг ганцааранг нь орхих нь ямар ч тохиолдолд зөвтгөгдөхгүй гэж анхааруулжээ.
Фүжи уул нь 3,776 метр өндөр, Японы хамгийн өндөр уул бөгөөд цаг агаар нь богино хугацаанд эрс өөрчлөгдөх эрсдэлтэй байдаг.
Л.Баяр
























































