Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын “Байгаль хамгаалах тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай”, “Галт зэвсгийн тухай” зэрэг хуулиудын холбогдох зүйл, заалтуудын хэрэгжилт орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, төрөөс тавих хяналтыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор хяналт шалгалтыг явуулж байна. Шалгалтад Архангай, Хөвсгөл, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудын зарим сумд, тусгай хамгаалалттай газрын нутгийн захиргаа, аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм.Хяналт шалгалтыг эрсдэлд суурилан хийж байгаа бөгөөд шалгалтын явцад хууль бусаар зохих зөвшөөрөлгүй амьтан /тарвага/ агнасан 17 иргэнд холбогдох хуулийн дагуу 2,5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 7 ангийн бууг хураан, зөрчил арилгуулахаар Засаг дарга нарт албан шаардлага өгчээ. Сумдын Засаг дарга нар нутаг дэвсгэртээ иргэдэд байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаагүй нийтлэг зөрчил илэрч байгаа аж. Архангай аймгийн Цахир сум нь баруун бүсийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын дайран өнгөрдөг гол зам бөгөөд олон жилийн судалгаагаар тарвага байнга агнаж, худалдаалдаг зөрчлүүд илэрдэг. Шалгалтаар тус суманд тарвага агнасан болон агнахыг завдсан 10 иргэний хууль бус үйлдлийг зогсоож, ангийн 5 бууг хураан, хууль бусаар агнасан 66 толгой тарвагыг “Амьтны тухай” хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.9 дэх заалтыг үндэслэн хураан авч, газар дээр нь устгасан байна.
Мөн Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсгийн хамгаалалтын болон Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн холбогдох зүйл, заалтын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 15 заалт бүхий гурван албан шаардлага хүргүүлээд байна. Хамгаалалтын захиргаадад судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулаагүй, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавьж ажиллаагүй, зөвшөөрөгдсөн аялал, жуулчлалын зам, чиглэлийг тэмдэгжүүлээгүй, шаардлагатай орон байр барих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах журмыг тогтоох, эрүүл ахуйн нөхцлийг хангах, тэдгээрийг иргэд, ААНБ-тай хамтран тохижуулах үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, тусгай хамгаалалттай газар нутагт хийгдсэн судалгаа шинжилгээний он дарааллын бичиг хөтлөөгүй, мэдээллийн сан бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.























































