Өнөөдөр ССАЖЯ-наас хил гааль дээр хураагдсан ховор нандин ном судруудыг Үндэсний төв номын санд хүлээлгэн өглөө. Үүнд соёлын үнэт зэрэглэлд хамаарагдах Доржжодба, Цэнд, Жүгдэрнамжил, Санжодмонлам зэрэг алт эрдэнийн зүйлээр бичигдсэн 10 судар, ердийн дурсгалд хамаарагдах Сандуйн жүд, Алтангэрэл, Жадамба зэрэг 118 нэрийн судар ном байгаа юм.Дээрх соёлын үнэт зүйлс хил дээр хураагдсан түүхийг сөхвөл өнгөрсөн оны зургаан сард тухайн үед Иргэний нисэх ерөнхий газарт ажиллаж байсан Г.Хишигжаргал гэгч нь гурван чемодан ном судрыг БНХАУ руу гаргахыг завджээ. Түүнийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд саатуулан ном судруудыг нь хураан авсан бөгөөд түүнд шүүхээс хоёр жилийн тэнэсэн харгалзах ял оноосон байна.
Энэ хэргийн шийдвэр Хан-Уул дүүргийн шүүхэд жил дамнан үргэлжилсэн бөгөөд энэ сарын 16-нд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ССАЖЯ-нд дээрх судруудыг хүлээн авах хүсэлт ирүүлжээ. Ийнхүү хүлээн авах ажлын хэсэг яамнаас томилогдон Үндэсний номын санд хүлээлгэн өгч байгаа нь энэ юм.






























































