Орчин үеийн өндөр хурдны утасгүй интернэт холболтын үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан гэх “Телемакс Коммуникэйшн” ХХК-ийн талаарх гомдол манай сайтад ирлээ. Тухайн гомдол гаргасан иргэн бол “Телемакс” компанийн үйлчлүүлэгч, хэрэглэгч юм байна. Тиймээс тус компанийн лавлах утасруу байнга холбогдож асуух зүйл гардаг гэнэ. Гэтэл эл компанийн операторууд утсаа авахгүй уддаг, олон удаа дуудуулсаны дараа харилцуураа авахдаа холбогдсон иргэний нэгжийг унагаж удаан үйлчилгээ үзүүлдэг аж. Үүгээр зогсохгүй оператор нь утсаа аваагүй байтал харилцагчийн утаснаас нэгж унадаг гэх гомдол ирсэн юм. Ингээд манай сайтын зүгээс “Телемакс” компанитай холбогдох утасруу залгатал үнэхээр утсаа дуудуулаад авахгүйн дээр, оператор утсаа аваагүй тохиолдолд 35-50 төгрөг унаж байсан юм. Ингээд оператортай арай гэж холбогдож энэ байдлыг лавлахад “Энэ талаар хэлэх боломжгүй. Манайхруу скайтелийн утаснаас яривал үнэгүй. Скайтелийн утаснаас ярь” гэсэн тайлбарыг өгөв. Тэгвэл эл операторын хэлж буйгаар иргэд “Телемакс” компанитай холбогдохын тулд нэгж их унадаг учир скайтелийн утаснаас заавал холбогдох шаардлагатай болж байгаа юм. Гэтэл скайтелийн утас хэрэглэдэг хүн Монголд хэр байдаг билээ. Ингэж хүний эрх ашгийг боогдуулж болохгүй гэдгийг гомдол гаргасан иргэний зүгээс хэлж байгаа юм. Ямартаа ч бид уншигчийн гомдлын дагуу ШӨХТГ-аас энэ дагуу тодрууллаа.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас энэ талаар тодруулахад “Хэрэв оператор аваагүй тохиолдолд нэгж унаж байна гэдэг хэрэглэгчийн эрх ашгийг яах аргагүй зөрчиж байгаа үйлдэл. Бид энэ дагуу “Телемакс” компаний холбогдох албан тоотыг явуул гэж оператортай нь холбогдож хэлсэн байгаа. Гэвч тэдний зүгээс одоогоор ямар ч албан бичиг, тайлбарыг явуулаагүй байна” гэв.
Дашрамд хэлэхэд, МСS-ын Ж.Оджаргал болоод доор ажилдаг хүмүүс нь “Тelemax”-ыг зарсан гээд батлаад байдаг. Харин зарагдсан гээд байгаа “Тelemax communication” компанийнхан нь “МСS electronics” компанийн охин компани гээд л гүрийгээд байдаг гэж байгаа. Харин бодит байдал дээр “Тelemax” нь бүр “Скайтел”-тай ч нэгдсэн гэх сурагтай. Ямартаа ч “Тelemax Коммуникэйшн” компанийн зөрчил ганц үүгээр зогсохгүй юм. Энэ талаар эргэн мэдээлнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (2)