“Ралли Монголиа 2014” автомашин, мотоциклын холын зайн олон улсын уралдаан өчигдөр эхэллээ. Японы SSER байгууллага “Ямада” сан, Монголын автомашин, мотоциклийн спортын холбоотой хамтран, Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаан найм хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжилэх юм.Уралдаан энэ жилийн хувьд Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт болж байна. “Ралли Монголиа” мотоциклийн олон улсын уралдааныг 1995 оноос хойш уламжлал болгон явуулахдаа ихэвчлэн говийн бүсэд голлон зохион байгуулж ирсэн бөгөөд Монголын эрэгтэй тамирчид уг тэмцээнд идэвхтэй оролцож, мото ангилалд 10 удаа, авто ангилалд 8 удаа аваргын цом хүртэж байсан юм.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд голдуу гадны тамирчид өрсөлддөг байсан бол өнгөрсөн жилээс Монгол бүсгүйчүүд анх удаа өрсөлдөх болж, “Ралли Монголиа-2013” тэмцээний авто ангилалд Э.Янжмаа, мото ангилалд Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг нар оролцож байв.
Тэмцээний аваргууд энэ сарын 17-нд тодорно.
24tsag.mn


























































