
Сангийн яамнаас ирүүлсэн нөхцөлийн дагуу олон нийтэд санал болгох жижиглэнгийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй ЗГҮЦ-ыг долоо хоног бүр МХБ-ээр арилжаалах бөгөөд тус үнэт цаасны хүүгийн хэмжээ нь тухайн долоо хоногт Монголбанкинд арилжигдсан ижил хугацаатай ЗГҮЦ-ны жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тогтоогдоно.
Засгийн газрын зүгээс ийнхүү хөрөнгийн зах зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, татвараас чөлөөлөгдөх, богино хугацаат ЗГҮЦ-ыг хөрөнгийн биржийн арилжаагаар олон нийтэд чөлөөтэй анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжихаар боллоо. Хугацааны хувьд 3 сар, 6 сар, 1 жилийн хугацаатай байх юм. Монголын хөрөнгийн биржээр арилжигдах гурван сарын хугацаатай Засгийн газрын үнэт цаасны захиалгыг 2014 оны 10-р сарын 29-ний өдрөөс эхэлж эрх бүхий үнэт цаасны компаниудаар авах бөгөөд 2014 оны 11-р сарын 04-ний өдөр эхний арилжаа хийгдэх юм байна.