
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн биржийн явуулж буй бодлого, үйл ажиллагаа, Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа, зах зээлд нэвтрүүлэх шинэ бүтээгдэхүүн мөн хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллахаар ярилцжээ.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай Монгол Улсын Сангийн Яам болон Монголбанк нь 2013 онд “Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөр” -ийг хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хөтөлбөрт Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх болон үүнийг хэрэгжүүлэхэд тус банкны оролцох эрх үүрэг тусгагдсан юм.