-
2016 оны 10 сарын 12
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлага энэ сарын 3-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
-
2016 оны 10 сарын 12
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Үндэсний агуулгыг дэлхийд” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “Монгол контент” компанитай хамтран хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын талаар судалгаа явуулж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд 2015 оны байдлаар өсвөр насныханд чиглэсэн чөлөөт цаг өнгөрүүлэх 389 газар, талбай, төв байдаг гэж бүртгэгдсэн байна. Тодруулбал усан спортын төв 18, чийрэгжүүлэх клуб 37, хүүхдийн зуслан 22, спорт цогцолбор 22, сургалтын төв 50, үзвэр үйлчилгээний газар 44, кино театр 7, мөсөн гулгуур 23, спорт талбай 134, өдөр өнжүүлэх 50 байдаг байна.
Нийслэлд 13-18 насны 53 700 хүүхэд байгаа бөгөөд тэдний 30 хувь нь л дээрх газар, төвүүдээр чөлөөт цагаа өнгөрөөдөг гэсэн судалгаа байгаа юм. Иймд өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжлийг дэмжих орчин үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор БИД ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ? судалгааг сонирхолтой хэлбэрээр явуулж эхэллээ.
Хүүхдүүд та бүхэн www.yolo.mn цахим хуудсаар дамжуулан энэхүү судалгаанд оролцох боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 12
Турк Улс энэ жил 75 монгол оюутанд тэтгэлэг олгоно. Бүгд Найрамдах Турк Улсын Хилийн чанад дахь туркууд, ах дүү нийгэмлэгүүдийн газрын ивээл дор 2016-2017 оны хичээлийн жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Дэлхийн 170 гаруй орноос 92780 хүсэлт ирснээс 4000 оюутан энэхүү тэтгэлгийг авах эрхтэй болжээ. Энэ хүрээнд бакалаврт 30, магистрантурт 33, докторантурт 12, нийт 75 монгол оюутан Туркийн Засгийн газрын тэтгэлгээр сурах аж. Өнөөдрийг хүртэл тэднээс 65 нь бүртгэлээ хийлгээд байна.
Одоогоор Турк Улсын Их, дээд сургуулиудад 170 гаруй орны 50 мянга орчим гадаад оюутан суралцаж байна. Энэхүү тэтгэлэг нь 2012 оноос хойш Туркийн тэтгэлэг нэрээр нэгдсэн зохион байгуулалтанд орсон бөгөөд сурлагын амжилтаар тодорхой босгыг давсан оюутнууд цахим орчинд шууд хүсэлт явуулан, улмаар тэтгэлгийн хүсэлтийг Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг ярилцлагын шалгалтаар эцэслэн шийдвэрлэдэг байна. Туркийн тэтгэлэгт хоёр талын онгоцны тийз, сургалтын төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн даатгал, 1 жилийн турк хэлний бэлтгэл, оюутны стипенд болон зуны хугацаанд дадлага хийх боломж багтдаг байна.
Монгол Улсад энэ жил байгуулагдсан Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг – АТА ТББ-ын хамт олон Турк Улсад тэтгэлгээр дээд боловсрол эзэмшихээр явах гэж буй залуустай уулзлаа. Энэ хүрээнд АТА ТББ-ын удирдлагууд болон өмнөх жилүүдэд Турк Улсад Их, дээд сургуульд суралцаж төгссөн залуучууд Турк Улс болон Турк Улсад дээд боловсрол эзэмших тухай мэдээлэл өглөө. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөз өөрийн Өргөөнд зохион байгуулагдсан уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ Туркийн тэтгэлгээр суралцахаар болсон 75 оюутнаас гадна Турк-Ойрхи дорнодын төрийн удирдлагын хүрээлэн болон Монгол Улсын ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн хамтын ажиллагааны хүрээнд 2 судлаач, Туркийн “Сосяал-Бэн” НҮТББ-ын туслалцаатайгаар 1 оюутныг Турк Улсад илгээж байгааг дурдаад, мөн Хойд Киприйн БНТУ-ын Их, дээд сургуулиудад 7 оюутан суралцах эрхтэй болсныг тэмдэглэж хэлээд, энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулж буй Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг – АТА ТББ-ын хамт олонд талархсанаа илэрхийллээ.
Арга хэмжээний дараагаар Элчин сайд Мурат Карагөз ирсэн зочдод босоо хүлээн авалт зохион байгууллаа.
-
2016 оны 10 сарын 12
Ховд аймагт мялзан өвчний вакцинжуулалтыг өнөөдрөөс эхлэн хийхээр болжээ. Ховд аймгийн 2 сая 900 мянган малыг вакцинжуулалтад хамруулах бөгөөд энэ ажлыг сум, багт зохион байгуулах, малын эмч, хяналтын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж буй аж.
-
2016 оны 10 сарын 11
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.
-
2016 оны 10 сарын 11
Аравдугаар сарын 1-ээс эхлэн “Хэрэглэгчийн жил”-ийн ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар Шадар сайдын ажлын албатай хамтран эдийн засаг хямралтай байгаа өнөө үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Ховд зэрэг орон нутгийн тариалан эрхлэгчдийн худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашигладаг жин хэмжүүрт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулж байна.
-
2016 оны 10 сарын 11
”Сандэй плаза”-д гарсан галын шүүх хурал өчигдөр болж, шүүхээс тухайн хэргийн хохирлын хэмжээ маргаантай байгаа тул нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ.
-
2016 оны 10 сарын 11
Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар Төрийн шагналт Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн томилогджээ.
-
2016 оны 10 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Английн Массачусетс технологийн их сургуулийн /MIT/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Массачусетс технологийн их сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Бернд Виддинг “Бид Монголын их, дээд сургуулиудтай хамтран багш, судлаачдыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хоттой хот төлөвлөлт дээр хамтран ажиллах саналтай байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард өөрийн хотдоо хот төлөвлөлтийн талаар сургалт, судалгаа явуулахаар зорьж байна. Иймээс хамтран ажиллаж байгаа МУИС, ШУТИС болон Улаанбаатар хотын захиргаанаас хүмүүс оролцуулах сонирхолтой байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хот бол хөгжиж байгаа хот учраас энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Олон жилийн дадлага, туршлагатай танай хоттой хамтран ажиллахдаа Улаанбаатар хотын зүгээс таатай байх болно. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн УИХ-аар батлуулсан. Хоёрдугаар сард зохиогдох сургалтад Улаанбаатар хотын зүгээс удирдах түвшний хүмүүсээ явуулж туршлага судлах болно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкингийг хүлээн авч уулзлаа. ХБНГУ-ын Конрад-Аденауэр сан нь Монгол Улсын Засгийн газрын урилгаар 1993 онд Суурин төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, өнөөдрийг хүртэл ардчиллыг хөгжүүлэн, бэхжүүлэх зорилгоор тогвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Сангийн үйл ажиллагааны гол зорилго нь ардчилсан төрийн болон нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүрдэх хүртэл даган ажиллаж, бүх нийтэд улс төрийн боловсрол олгох, судалгаа явуулах юм.
Энэ оны 12-р сард тус сангаас “Төвлөрлийг сааруулах нь нутгийн удирдлагын хөгжлийн түлхүүр” сэдэвт бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр хотын даргад танилцууллаа. Сангийн суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкинг “Эрхэм хотын дарга таныг 12-р сард болох бага хуралд цаг заваа гарган оролцохыг урья. Бид аймгийн Засаг дарга нар болон иргэдийн хурлын дарга нарыг мөн урьж оролцуулна. Үүнээс гадна манай сан Улаанбаатар хоттой агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ч хамтран ажиллах саналтай байгаа” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд “Өвөл болох бага хурлыг хамтдаа амжилттай зохион байгуулахад анхаарна. Танай сантай хамтран явуулж байсан ажил хэргийг цааш үргэлжлүүлж, шинэ шатанд гаргах бодолтой байгаа.” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 11
Нийгмийн даатгалын бодлого, чиглэл, үйлчилгээ, үйл ажиллагааны үр дүнг иргэд, даатгуулагчдад таниулах зорилгоор “Засгийн газар 100 хоног” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулж байна.
Өчигдөр Нарантуул зах, Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, “BSB” худалааны төвийн урд талбай, “Саруул худалдааны төв”, “Бэлх Плаза” худалдааны төв, “Буян налайх” худалдааны төв, Өлзийт хороолол зэрэг нийт 40 гаруй байршилд Нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, хууль тогтоомжинд орсон өөрчлөлтийн талаар нийт 3900 иргэнд мэдээ мэдээлэл өгчээ. Баянгол дүүргийн хувьд найман хэсэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх болон Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЭХЭМҮТ, П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Номин их дэлгүүрт очиж, ажлын явцтай нь танилцлаа.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн хувьд “Талх чихэр” ХХК, “Тесо” ХХК-ний нийт 435 ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулсан бөгөөд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого, тэтгэвэр тэтгэмжийн тухай зөвлөгөө, мэдээлэл өгч сонирхсон асуултанд нь хариу өгснөөс гадна гарын авлага, сурталчилгааны материал тараажээ. Сүхбаатар дүүргийн хувьд “Улаанбаатар Их Сургууль“, “Их Засаг Их Сургууль“-ийн байранд зохион байгуулж, 30 гаруй оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулан 150 гаруй оюутанд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.
Сурталчилгааны үеэр өрхийн эмч нар иргэд, даатгуулагчид болон худалдаа эрхлэгч, түрээслэгчдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж хөнгөлттэй эмийн жороор эмийг газар дээр нь олгож үйлчиллээ.
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар болон шимтгэл төлөлт, хөдөлмөрийн дэвтэр баталгаажуулалт, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, тэтгэвэр тэтгэмж тогтооход баримт бичгээ хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар сонирхсон асуултад хариулт тайлбар, зөвлөгөө өгөв.
Эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалт, сайн дурын болон нийгмийн даатгалын шимтгэлийн баталгаажуулалтыг газар дээр нь хийж үйлчилсэнд иргэд даатгуулагчид баяртай байна.
Энэхүү арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд та бүхэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 11
Маргаашнаас эхлэн Ховд аймагт мялзан өвчний вакцинжуулалтыг хийхээр болжээ. Ховд аймгийн 2 сая 900 мянган малыг вакцинжуулалтад хамруулах бөгөөд энэ ажлыг сум, багт зохион байгуулах, малын эмч, хяналтын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж буй аж.
Тэрээр Вакцинжуулалтын бэлтгэл ажил болон Вакцинийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн Ховд аймагт ажиллаж, яаралтай арга хэмжээг авч байгаа юм байна. Тус аймгийн хэмжээнд мялзан өвчний вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахад 495.8 сая төгрөгийг зарцуулах тооцоо гарчээ.
Мялзан өвчний вакцин хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна. Иймээс вакцинжуулалтын хугацаанд өвчлөл гараагүй эрүүл бүсээс бод малын махыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр аймгийн төврүү оруулж, худалдаалан, хүнсний хэрэгцээг хангахаар болсон байна.
-
2016 оны 10 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2, 3-р хэлтэс, Гачуурт тосгоны дэд хэсгийн алба хаагчдад ирэх дөрвөн жилд “Аюулгүй хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаараа танилцуулж, санал бодлоо солилцлоо. Мөн цагдаагийн хэлтсүүдэд тулгамдсан асуудлыг сонсч, шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганболд “Манай хэлтэс 2015 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэг дэх 1, 2-р хэлтсийн ачааллыг бууруулах зорилгоор байгуулагдсан. Дүүргийнхээ зүүн талын хороодыг хариуцан ажилладаг. Энэ хэсэгт хулгайн хэрэг зонхилон үйлдэгддэг. Эргүүлийн машины хүрэлцээ муу байдаг” гэлээ. Мөн Гачуурт тосгоны цагдаагийн дэд хэсэг нь 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 5-65 км-т дуудлаганд явдаг. Ихэвчлэн орон байрны болон малын хулгайн хэрэг гардаг. Алба хаагчдын хүрэлцээ муугаас 24 цагаар эргүүл хийж ажиллах бололцоо муу. Ихэвчлэн зуслангийн зориулалттай байр, сууц байдаг учраас иргэд улирлын чанартай ирдэг. Байшиндаа ирсэн хойноо л хулгай орсныг мэдэж дуудлага ирүүлдэг учраас хэргийн халуун мөрөөр мөрдөхөд хүндрэл учирдаг гэдгийг дуулгасан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цаашид бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд ажиллаж, “Аюулгүй хот” хөтөлбөрөө танилцуулах юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 11
Манай орны их говийн байгалийн дархан цаазтай бүсэд амьдардаг нэн ховордсон мазаалай одоо 28-хан ширхэг үлдээд байна. Иймд БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжүүлэх Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл” –ийн техник эдийн засгийн үнэлгээний судалгааны ажлын уулзалтын протоколд гарын үсэг зурах ёслол өчигдөр БОАЖЯ-нд боллоо. Ёслолд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын БОАЖЯ-ны дэд сайд Батбаяр нар оролцож, хоёр орны энэ хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, амжилт хүсчээ.
Хятадын Ойн шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын хэсэг Манай улсад өнгөрсөн сарын 28-ны өдөр хүрэлцэн ирсэн байна. Тус ажлын хэсэг Их говийн дархан цаазтай бүсийн мазаалай тархан амьдардаг 18 мянган ам дөрвөлжин километр бүхий нутагт хээрийн шинжилгээ хийж, мазаалайн амьдрах орчин, удирдлагын өнөөгийн байдлыг их төлөв ойлгосны үндсэн дээр Монголын талтай олон дахин зөвшилцөж, техникийн тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлэх зэрэг чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн аж. Энэ тохиролцооны дагуу эхний шатанд гурван жил мазаалайн оршин амьдарч байгаа нутгийн удирдалгын талаар тусламж үзүүлж, дараа нь бодит нөхцөл байдлын дагуу мазаалайг үржүүлэн өсгөх тусламж үзүүлэх юм байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 11
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анх 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс бид энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.
Мөн энэхүү хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд дараахь ач холбогдолтой болно. Үүнд:
Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан “Монгол Улс нь нүүдлийн соёл - аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилгыг хэрэгжүүлэх алхам болно
Хуралд олон улсын 150 орчим зочид төлөөлөгчид оролцох ба Монгол Улсад 4-5 хоног байрласнаар ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютын орлогыг онгоцны нислэг, зочид буудал, үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан оруулна.
Хурлын үеэр шууд 100 гаруй, шууд бус 800 гаруй ажлын байрууд идэвхжинэ.
Хурлын дараах жуулчдын тоон өсөлтөөс Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрийг 2017 оноос оруулах боломжтой.
Монгол Улсын талаарх сурталчилгаа ДАЖБ-ын гишүүн 157 орнууд, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдэнэ.
Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчдыг татах өргөн боломж бий болно.
Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын эх өлгий нутаг болохыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд баталгаажуулах боломжтой.
Торгоны замын аялал жуулчлалд үндэсний аялал жуулчлалын брэндийг бий болгоно.
“Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” /WCSDA/ олон улсын байгууллагаас өөрийн байгууллагын 2016 оны ээлжит хурлаа Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг холбогдох талуудад тавьж, харилцан тохиролцсоноор энэ хоёр хурлыг нэгтгэн “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Уг хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын ДАЖБ-ын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдахаар түрүүчээсээ ирж байна.
Олон улсын бага хурлаар Торгоны зам дахь аялал жуулчлалаас нүүдлийн соёл иргэншлийг онцгойлон ярилцах бөгөөд Монгол Улс цаашид уг төслийн тэргүүлэгч орон байх боломжийг бүрдүүлж, жуулчдыг олноор татан, эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн олон салбаруудад өсөлтийг авчрах олон талын ач холбогдолтой.
Дэлхий нийтээр даяаршиж буй өнөө үед нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, эдүгээ дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, экспорт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлдэг, ард иргэдэд шууд үр шимээ өгдөг салбар болсон юм.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2015 онд дэлхий дахинд 1,1 тэрбум гаруй хүн аялж, салбарын өсөлт 5 хувьд хүрсэн бөгөөд 2030 он гэхэд дэлхий дахинд 1,8 тэрбум хүн аялах урьдчилсан таамаглалтай байна.
Манай орны хувьд аялал жуулчлалын өнгө төрхөө дэлхийн зах зээлд тууштай таниулах аливаа нэг брэндийг сонгож, түүнийгээ тогтмол, давтамжтайгаар дэлхийн аялал жуулчлалын зах зээлд сурталчилснаар гадаадын жуулчдыг олноор татах, салбарын өсөлтийг хангах, улмаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өргөн боломжтой. Нөгөө талаас эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилт тавьсан хэдий ч өнөөг хүртэл салбарын өсөлт хангалттай биш үндэсний брэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болохгүй байна.
Иймээс бид 2015 онд олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Би” үзэсгэлэнд түнш орноор амжилттай оролцон, мөн “Нүүдэлчдийн замаар аялахуй” хэмээх аяллын төрөлд манлайлагч орон байх, бусад улс орнуудаас түрүүлэн энэхүү брэндийг Монголын гэсэн тодотголтой болгож, улмаар олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх тал дээр тууштай ажиллаж ирлээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 11
Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Лицензийн төвтэй хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил багтаж байгаа юм. Холбогдох журам зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хураан авч, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажилласан байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 11
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын карманы ажлыг хийж гүйцэтгэдэг.
Дээрх ажлын хүрээнд дүүргүүдээс санал авч, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2016 онд 14 зогсоолын карма гаргах ажил хийгдсэн байна. Үүнээс 3 зогсоол шинээр байгуулагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд илүү ойртжээ. Үүнд: Баянзүрх дүүрэг Намъяанжугийн гудамж дахь “Шөнийн зах” зогсоол, С.Данзангийн гудамж дахь “Сос хүүхдийн хотхон” зогсоол, Сонгинохайрхан дүүрэгт Өнөр хорооллын гудамжинд “1 дүгээр байр” зогсоолууд тус тус нэмэгдэж, эдгээр зогсоолуудыг дайран өнгөрдөг 11 чиглэлээр үйлчлүүлэх боломж бүрдлээ. Шинэ зогсоолуудыг энэ сарын 13-наас ашиглаж эхэлнэ гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
Kарма хийгдсэн зогсоолуудын жагсаалт:
№ Зогсоолын нэр Гудамжны нэр Дайран өнгөрөх чиглэлүүд Тайлбар
1 СХД, “Алтан тариа”-н урд талын автобусны эцсийн зогсоол Хүнсчдийн зам Ч:40 Нөхцөл сайжруулсан
2 ХУД, Яармагийн хуучин эцсийн зогсоол /баруун/ Яармаг хороололын зам Ч:53, Ч:54 Нөхцөл сайжруулсан
3 ХУД, Яармагийн хуучин эцсийн зогсоол /зүүн/ Яармаг хороололын зам Ч:53, Ч:54 Нөхцөл сайжруулсан
4 Нисэхийн 7 сургуулийн зогсоол /баруун/ Нисэхийн хороололын зам Ч:7, Ч:9, Ч:15 Нөхцөл сайжруулсан
5 Нисэхийн 7 сургуулийн зогсоол /зүүн/ Нисэхийн хороололын зам Ч:7, Ч:9, Ч:15 Нөхцөл сайжруулсан
6 ХУД, Нарны зам, Соёолж төвийн зогсоол /урд/ Нарны зам Ч:6, Ч:17б Нөхцөл сайжруулсан
7 БЗД, Шөнийн захын урд автобусны зогсоол Намъяанжугийн гудамж Ч:10,Ч:17б,Ч:32, Ч:36,Ч:49, Ч:51, ХО:2,ХО:3, ХО:5 Шинээр байгуулсан
8 СХД, Өнөр хороолол,1-р байр зогсоол /хойд/ Өнөр хорооллын гудамж Ч:49 Шинээр байгуулсан
9 БЗД, Нарантуул захын урд талын автобусны зогсоол Нарны зам /хойд/ Ч:6, Ч:30а Нөхцөл сайжруулсан
10 Жамсранжавын гудамж 7 одой хүүхдийн эмнэлэг зогсоол /хойд/ Дилaв хутагт Жамсранжав Ч:21а, Ч:49 Нөхцөл сайжруулсан
11 Алтай хотхон /зүүн/ Энгельсийн гудамж Ч:42, Ч:43 Нөхцөл сайжруулсан
12 Алтай хотхон /баруун/ Энгельсийн гудамж Ч:42, Ч:43 Нөхцөл сайжруулсан
13 Улаанхуарангийн авто замд “Сос хүүхдийн хотхон” зогсоол С.Данзангийн гудамж Ч:40 Шинээр байгуулсан
14 Дарь-Эхийн авто зам шинэ эцэс автобусны зогсоол Дарь-Эхийн гудамж Ч:25, Ч:26, Ч:29 Нөхцөл сайжруулсан
-
2016 оны 10 сарын 11
Нийтийн тээврийн 2 чиглэлд өөрчлөлт орууллаа
-
2016 оны 10 сарын 11
Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс
-зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдэж
-гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж
-8 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Халдвартын эцэст Isuzu Swift автомашины жолооч нь явган зорчигч 9 настай Х, Т нарыг мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан байна. Мөн 11-р хороололд T.Camry автомашины жолооч бусдын машиныг мөргөөд ослын газрыг орхижээ.
Мөн орон нутагт ч хүний амь нас хохиросон, гэмтсэн хэд хэдэн осол гарсан байна. Тиймээс орон нутгийн халтиргаатай, мөстсөн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
-
2016 оны 10 сарын 11
Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арванхоёдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг.
Манай улсын хуьд өсвөр насны охидыг хүчирхэгжүүлэх, охидын эрхийн хөдөлгөөн дэх тэдний утга учиртай оролцоог хангах замаар нийгэм дэх охидын эрхийг хамгаалах асуудалд дэмжлэг үзүүлэх зорилготой “Биднийг сонс” охидын хоёрдугаар чуулган болох гэж байна.
Тус чуулганд зорилтот бүлгийн 80 гаруй охид оролцохоос гадна, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд зэрэг нийтдээ 200 гаруй охид оролцож өөрсдийнхөө эрхийн төлөө нэгдэх гэнэ. Чуулган аравдугаар сарын 14-ний 09:00-17:00 цагийн хооронд “Танан” төвд зохион байгуулагдах ажээ.