-
2016 оны 10 сарын 13
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргад 2016 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, оны эхний 9 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 680 саяыг, улсын төсөвт нийт 260 сая төгрөг төвлөрүүлэхээс 168 сая төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өглөө.
-
2016 оны 10 сарын 13
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан үзэв.
-
2016 оны 10 сарын 13
Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 358 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө 5-н буудлын автобусны буудлын замд Сайхан ирээдүй ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 35 настай эмэгтэй Т-г унагааж гэмтээжээ.
СХД-ийн нутаг Толгойтын зам, Их нарангийн дунд буудлын замд T.Prius маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 09 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн байна.
Орон нутагт: Хэнтий аймгийн Чингис хотын Чингис хаалганы урд асфальтан замд Istana маркийн авто машины жолооч А нь Istana маркийн авто машиныг мөргөж автомашиныхаа хажууд зогсож байсан жолооч 41 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироожээ.
-
2016 оны 10 сарын 13
Монголд нийт 101.730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс харааны бэрхшээлтэй 10925, сонсголын бэрхшээлтэй 8406, хөдөлгөөний бэрхшээлтэй 20110, хэл ярианы бэрхшээлтэй 4491 иргэн байдаг гэсэн баримтыг Үндэсний статискийн судалгаанаас өнгөрсөн жил гаргаж байв. Өнөөдөр Монгол-Японы төвд Мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд зэрэг 32 байгууллагын 59 төлөөлөл оролцсон юм. Мэдээллийн хүртээмжийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжрах ба өдөр тутмын амьдралд бие даан оролцох гол нөхцөл болох юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд оролцоход нь барилга байгууламжийн түгээмэл загвар, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийн асуудал маш чухал байдаг байна. Тэдний оролцоо бүхий нийгэмд өөрсдийн эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл болон харилцааны хүртээмжийг бүрдүүлж өгөх шаарлагатай юм. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан ТҮЦ машинаар үйлчлүүлэхэд дуу таних технологи нэвтрэх боломжтой эсэхийг судлаж байгаа тухай ” “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”-ын мэдээлэл технологийн бодлого боловсруулах хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл онцлов.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 13
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Гандан хулгайд өртжээ. Хэрэг өчигдөр буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнө 03:00 цагт гарч ард түмний онгон шүтээн болсон хар морьт сахиусыг нь хулгайлсан байна.
Хулгайч нар цагдаа нарын эргүүл буусны дараа хэргийг үйлдсэн гэж таамаглаж байгаа аж. Тиймээс хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл сонссон хүмүүсийг сумын цагдаа болон орон нутгийн удирдлагуудад яаралтай мэдэгдэхийг хүслээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 13
Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн. Есдүгээр сарын байдлаар 82 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ түтгэлзүүлсэн байна.
-
2016 оны 10 сарын 13
Гуравдугаар эмнэлгийн авто зогсоол ашиглалтад орлоо
-
2016 оны 10 сарын 13
Guys хамтлагийн дуучин Х.Бат-Ундрах хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс хоёр жил тэнсэн харгалзах ял оноосоод байгаа билээ. Харин тэрбээр шүүх хурлын дараа өгсөн ярилцгадаа залууст хандаж уриалга гаргажээ.
-
2016 оны 10 сарын 13
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна.
-
2016 оны 10 сарын 13
2016 оны УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны мониторингийн дүнг хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх судалгааны албанаас танилцууллаа. Өдөр тутмын таван сонин, долоо хоног тутмын нэг сонин, мэдээллийн таван сайтын 32 хоногийн мэдээлэлд мониторинг хийсэн байна. Түүнчлэн нийгмийн сүлжээнд анх удаа мониторинг хийж 20 нэр дэвшигчийн фэйсбүүк аккаунт, 20 нэр дэвшигчийн твиттер аккаунт, улс төрийн чиглэлээр дагнан бичдэг долоон сэтгүүлчийн твиттер болон фэйсбүүк аккаунтын мэдээлэлд ажиглалт хийжээ.
-
2016 оны 10 сарын 13
Сүүлийн саруудад ebarimt.mn-д бүртгүүлэх баримтын тоо буурсаныг Гааль татварын мэдээллийн төвөөс хэлэв. Анх баримт бүртгүүлж эхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд дунджаар 20 сая баримт хэвлэж, иргэд 10 сая орчмыг нь бүртгүүлдэг байсан аж.
-
2016 оны 10 сарын 13
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзсан хэмээж СЕХ, ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийг буруутган шүүхэд хандаад байсан. Тэгвэл түүний нэхэмжлэлийг өчигдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцээд хүчингүй болгожээ.
-
2016 оны 10 сарын 13
Энэ сарын 15-ны өдөр Дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиодог.
-
2016 оны 10 сарын 13
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа Орон сууцны зээл авхад ч хамааралтай “Гэртээ LED зурагттай бол таны хүүхэд “хүүхдийн мөнгө” авахгүй” гэсэн үг иргэдийн дургүйцлийг хүргээд буй. Учир нь “хүүхдийн мөнгө”-ийг олгохдоо өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар хамруулж олгож байгаа юм. Тэгвэл энэхүү судалгаа нь зөвхөн хүүхдэд хамаарахгүй тул иргэдийг судалгаанд анхаарал, болгоомжтой хандахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зөвлөлөө. Тодруулбал, цаашид яллагдагч этгээдэд хуульзүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний эрхийн бичиг олголт, орон сууцжуулах хөтөлбөр, Монголбанкнаас тодорхой зээлийн хөтөлбөр, залуу өрхөд чиглэсэн жижиг дунд бизнесийн зээлийн хөтөлбөрүүдэд ашиглахаар тооцоо судалгаа хийж байгаа аж. Өрхийн амьжиргааны төвшнийг судлахдаа гурван жил тутамд нэг шинэчилдэг бөгөөд 2013-2015 оны судалгаагаар энэ удаагийн хүүхдийн мөнгийг олгож байгаа аж. Одоо өрхийн амьжиргааны судалгааг дахин шинэчлэхээр ажиллаж байгааг албаныхан дуулгалаа. Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 13
АТГ-ааст нэр бүхий 245 иргэний хувийн мэдүүлгийг нь хянажээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 279 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Үүнээс 245-ыг нь зөрчилгүй гэж үзсэн байна. Тус байгууллагаас МОНЦАМЭ мэдээллийн агентлагийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Ганчимэг, “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхбат, Замын цагдаагийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Даваазул, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нарын зэрэг 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянажээ.
Ингээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээр 245 хүний хувьд тухайн нэр дэвшсэн албан тушаалд томилоход харшлах сонирхлын зөрчил одоогоор байхгүй аж. Түүнчлэн 10 иргэний мэдүүлгийг буцааж, 24 иргэнд анхааруулга өгчээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 13
Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал Улаанбаатар хотод эхэллээ. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Монгол Улсын БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. Торгоны замын гишүүн улс орон, НҮБ-ын ах дүү хотуудын холбоо, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид 3 өдрийн турш Улаанбаатар хотод чуулах юм.
-
2016 оны 10 сарын 13
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2016 оныг “Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг сурталчлах-Цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх жил” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд шинэчлэгдэн батлагдсан батлан хамгаалах багц хуулиуд, Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны А/115, А/174, А/194 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн жинхэнэ албан хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ыг сурталчлах, хэрэгжилтийг хангах, мэдээлэл өгөх зорилго бүхий зөвөлгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.
-
2016 оны 10 сарын 13
-Хар тамхи хэрэглэж үзээд гүнзгий хордлогод орсон, хоол унднаас хүртэл гардаг юм билээ. Маш их хортой. Тийм айхавтар хорноос хол байгаарай гэж залуустаа уриалмаар байна-
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өнгөрсөн даваа гаригт шүүн хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ундралд хоёр жил тэнсэн харгалзах ял оноосон юм. “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралтай ярилцлаа.
-Таныг өнгөрсөн тавдугаар сараас хойш мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт шалгасан. Яаж яваад ийм хэрэгт холбогдчихов?
-Мансууруулах бодистой холбоотой хэрэг маш их болсныг энэ хэрэгт холбогдоод илүүтэй мэдэрч, харамслаа. Олны танил дуучин, залууст үлгэр дууриал болох үүрэгтэй урлагийн хүн байж ийм хэрэгт холбогдсондоо маш их ичиж, харамсч байна. Хамгийн түрүүнд ээжээсээ уучлал гуйя. Намайг таньдаг бүх хүнээс уучлал гуймаар байгааг минь дамжуулж өгөөч. Итгэмтгий, сониуч зангаасаа болж уруу татагдсандаа маш их харамслаа. Нэг танихгүй залуу дууг минь сонсдог гэж холбогдож, ярилцаад тэр зүйлийг санал болгосон. Залуус мансууруулах бодисыг тайвшруулдаг, сайхан болгодог гэж ташаа ойлгодог бололтой. Би ч тэдний нэг байсан. Тэгээд хэрэглэж үзээд гүнзгий хордлогод орсон, хоол унднаас хүртэл гардаг юм билээ. Маш их хортой. Тийм айхавтар хорноос хол байгаарай гэж залуустаа уриалмаар байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өдөр, хоног бүхэн надад хүнд байсан. Намайг гэдэг бүх хүнийхээ итгэлийг алдсан нь хамгийн их хэцүү байлаа. Мөн хамтлагийнхаа дууг сонсдог залуусынхаа урмыг хугалсандаа гэмшиж байж суух газар олдохгүй байсан. Дахиад уучлал гуйя.
-Мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхэд ч мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулсан хүнийхээ тухай ярьсангүй. Тэр хүн таниас өөр олон хүнд мансууруулах бодис зарж байх магадлалтай?
-Би хүний нүүр царай, утасны дугаар үнэхээр тогтоодоггүй. Тэр хүн над руу холбогдсон учраас утасных нь дугаарыг цээжлээгүй. Мэдэж байсан бол нуух шаардлагагүй шүү дээ. Би энэ хортой тэмцэж, залуусыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос хол байлгахын тулд өөрөөс шалтгаалах, чадах бүх зүйлээ хийхээр шийдсэн.
-Та шүүхэд ч ингэж мэдүүлсэн. Шүүгч үүнд тань итгэл үзүүлсэн болов уу?
-Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс надад нэг удаа итгэл үзүүллээ. Энэ итгэлийг алдахгүй гэдгээ амламаар байна. Би буруутай үйлдлээ маш сайн ойлгож, ухамсарласан. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд ухуулга сурталчилгаа хийхээр олон зүйл төлөвлөсөн. Шүүх танхимд Төрийн сүлднийхээ өмнө амласан амлалтаа биелүүлнэ. Амлалтаа биелүүлэх боломж олгож, буруутай үйлдэлд минь тэнсэн харгалзах ял оноосонд баярлаж байна. Ял эдлэх хугацаандаа болон цаашид ч нийгмийг нөмрөөд байгаа хар тамхитай тэмцэнэ. Над шиг битгий алдаач гэдэг үүднээс их, дээд сургуулийн оюутнуудтай уулзаж ярилцахаар төлөвлөсөн байгаа. Удахгүй манай хамтлагийн 19 жилийн ой болно. Түүгээр дамжуулан нийгэмд уриалга гаргахаар төлөвлөж байгаа. Алдаагаа засах, уучлал гуйх боломж олгосон шүүхэд баярласнаа дахиад илэрхийлье. Төрийнхөө итгэлийг дааж чадна. Нийгмийг уриалсан уран бүтээл, үйлдэл бүрээрээ намайг таньдаг, мэддэг хүмүүсээс уучлал гуйна гэж төлөвлөж байгаа.
-
2016 оны 10 сарын 13
Номхон далайн баруун бүсийн хорооны 67 дугаар чуулган үргэлжилж байна. Хоёр дахь өдрөө Манила хотод болж буй тус чуулганд гишүүн улсууд тус бүс нутгийн түвшинд хумхаа болон денги халууралтай тэмцэх үйл ажиллагааны стратегийг тус тус хэлэлцэн батлалаа.
Мөн энэ өдөр Орчны эрүүл мэндийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол оронд сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд ган гачиг, аадар бороо, үер, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж байгаа хийгээд нийт газар нутгийн ихэнхи хэсэг цөлжих аюулд хүрээд байгааг онцолсон.
Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөлийг бууруулах чиглэлээр цаашид бүсийн улс орнууд идэвхитэй хамтран ажиллах шаардлагатай болохыг тэмдэглэв.
Б.Цэцэг
ДЭМБ чуулж байна
-
2016 оны 10 сарын 13
НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог билээ. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах аж.