-
2016 оны 10 сарын 07
Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 2-3 өдөр ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болсон байна. Мөн энэ үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийх аж.
-
2016 оны 10 сарын 07
Зам тээврийн хөгжлийн яам, улс хоорондын ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй хүмүүсийг бүртгэж, ажилд авахаар болсон.
-
2016 оны 10 сарын 07
Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Дундговь аймагт их хэмжээний цас оржээ. Тодруулбал, тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Дэрэн сумдаар 17.4-19 мм, Дэлгэрхангай, Мандалговь, Эрдэнэдалай, Говь-угтаал сумдаар 10.0-14.0 мм, бусад сумдаар 4.4-9.0 мм хур тунадас орсон байна.
-
2016 оны 10 сарын 07
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болно.
-
2016 оны 10 сарын 07
Хүчтэй цасан шуургатай байна.
-
2016 оны 10 сарын 07
Баянгол дүүргийн нутаг дахь “Кензо” зочид буудалд энэ сарын 5-ны өдөр нэг залуу мансуурч байгаад үйлдэл дээрээ баригджээ.
-
2016 оны 10 сарын 07
Есдүгээр сарын 1-нд гэртээ үлдсэн 3000 гаруй хүүхэд бий. Тэгвэл хувийн цэцэрлэгүүд нэмэлт элсэлтээ энэ долоо хоногоос авч, хүүхдүүдээ хүлээн авчээ. Нийслэлийн Боловсролын газрын өгсөн мэдээллээр Баянгол дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 23, Чингэлтэй дүүрэгт 14, Хан Уул дүүрэгт долоон хувийн цэцэрлэг хүүхэд авсан гэх тооцоо гаргасан байна. Гэхдээ орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүд хэдэн хүүхэд нэмж авах боломжтой тоогоо нийслэлд өгсөн гэв. Улмаар энэ тоонд үндэслэж тухайн цэцэрлэгтэй ойр амьдардаг өрхийн хүүхдийг хамруулсан аж. Хувийн цэцэрлэгүүд бүртгэлээ есдүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд хийсэн байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 07
Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас, ялангуяа Дорнод, Дарьгангын тал нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
-
2016 оны 10 сарын 06
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас ихтэй байна.
-
2016 оны 10 сарын 06
Авлигатай тэмцэх газраас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт хяналт шалгалтыг эхлүүллээ.
Ажлын хэсэг нэн түрүүнд гаалийн салбар дахь эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлох юм. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах чиглэлээр цаашид ажиллах нь ажлын хэсгийн өөр нэгэн томоохон зорилт ажээ. Түүнчлэн гаалийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянан үзэж, албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм хэмжээг сахин мөрдөж буй явц байдалд дүн шинжилгээ хийж, тодорхой санал боловсруулна.
Гаалийн байгууллагын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бүрдүүлсэнд хяналт шалгалт хийхийн зэрэгцээ гаалийн байцаагчдыг сэлгэн ажиллуулсан нөхцөл байдлыг судлан, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Хяналт шалгалтын ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэн ахалж байна.
-
2016 оны 10 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын удирдлагуудтай уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа.
Тус ассоциацийн бүрэлдэхүүнд сүүлийн 10 жилийн турш Монголын бүтээн байгуулалтын түүхийг бичилцсэн шилдэг барилгын компаниудыг үүсгэн байгуулагч, захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий инженерүүд багтдаг юм байна. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд бүтээн байгуулагчид, баялаг бүтээгчдээ бүхий л талаар дэмжин ажиллахаа хэлээд, орон сууцны зах зээлд оролцох төрийн оролцоог өөр хэлбэрт шилжүүлэх бодлого баримтлан ажиллана гэсэн юм. Төр илүү хямд, илүү сайн барилга барих гэж бизнес эрхлэгч нартай өрсөлдөх биш харин тэднийг бодлогоор дэмжин төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг сайжруулах нь чухал гэж үзэж байгаагаа хотын дарга хэллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дуулгав. Утааг бууруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад, орон сууцны хөнгөлөлтийн талаар бодлогын шинэ төлөвлөлт хэрэгтэй байгааг хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тооллого явуулж, газрын нэгдсэн сан байгуулахаар туссан. Энэ нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ менежмент нэвтрүүлэх, дэд бүтэц нь шийдэгдсэн сул газруудад ямар ч хөрөнгө оруулагч ирээд бүтээн байгуулалт хийх боломж бүрдүүлэхэд чухал алхам болохыг хотын дарга онцоллоо.
Нийслэлээс шийдвэр гаргаад иргэддээ, бизнес эрхлэгчиддээ шууд тулгадаг биш гаргах гэж байгаа шийдвэр бүхэн доороосоо эхээ авсан, тэдний хүсэн хүлээсэн шийдвэр байх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллана. Тиймээс нийслэлийн Засаг даргын дэргэд олон нийтийн зөвлөл байгуулж тэр зөвлөлд барилгын салбарын төлөөллийг оролцуулж бэрхшээл, боломжуудыг нь ч сонсож, нээлттэй ажиллах болно гэдгээ хотын дарга уулзалтын үеэр хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 06
Оюутны 70 000 төгрөгийн тэтгэмжийг 2017оноос зогсоож байгаа. Харин МСҮТ-ийн суралцагчдад олгодог 70 000 төгрөгийг шууд зогсоож байгаа нь “айлын хүүхдийг алаг үзэж” байна гэж үзсэн оюутнууд яг одоо Тусгаар тогтнолын ордоны гадаа жагсаал хийж байна. Тэд Н.Номтойбаяр сайдыг тэтгэмжийн асуудлыг эргэн харах хэрэгтэй хэмээн уриа, лоозон барьжээ.
-
2016 оны 10 сарын 06
Таван хүүхэд тутмын нэгд нийгмийн халамж дутагдаж байна
Өнөөдөр Монгол Улс 0-18 насны нэг сая гаруй хүүхэдтэй. Үүний 281 мянга нь нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, 61 мянга нь хамгийн доод давхаргын, хүнсний талон авдаг, 10 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байна, 1000 гаруй нь асрамж халамжийн газарт амьдардаг гэх тооцоог Үндэсний статистикын хорооноос гаргаж өгөв. Өөрөөр хэлбэл, Монголын таван хүүхэд тутмын нэг нь нийгмийн халамж шаардлагатайг Үндэсний статистикын хорооны судалгаа харуулж буй. Энэ нь эргээд тухайн нийгэмд ядуурал, ажилгүйдэл өндөр, эдийн засгийн суурь нөхцөл муу байгаатай холбогддог гэдгийг албаныхан хэлж байна. Төрийн бодлого иргэддээ ээлтэй байгааг хүүхдийн эрх хэрхэн хангагдсанаар тодорхойлдог байна. Гэтэл Монгол Улсын хүүхдийн эрхийн хууль хэрэгжсэн ч дангаараа хүчрэхгүй байгааг албаныхан хэлж байгаа юм.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Дундговь аймгийн баруун хэсэг, Өмнөговь аймгийн нутгаар цастай байна.
Өнөө шөнө зүүн аймгууд, Сүхбаатар чиглэлд цасан шуургатай, нойтон цас орох, үзэгдэх орчин хязгаарлагдах, замын гадаргуу мөстөх, халтиргаа гулгаа үүсэх магадлалтай байгааг Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газраас анхаарууллаа.
-
2016 оны 10 сарын 06
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, төрийн удирдлагатайгаа нягт хамтран ажилладаг үндсэн хуулийн байгууллага юм. Тиймээс өнөөдөр Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж, аймгуудийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс байгуулагдаад 25 жил болж байгаа үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тус холбоо нь Үндсэн хуульд тусгагдсан нутгийн өөрөө удирдах зарчмыг орон нутагт хуулийн дагуу хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын салбар хороодын захиралаар аймаг нийслэлийн хурлын дарга нар, гүйцэтгэх захиралаар нь хурлын нарийн бичгийн дарга нар ажилладаг. Сонгуулийн дараагаар байгуулагдсан шинэ бүрэлдэхүүнтэй анх удаа уулзаж байна. Цаашид дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Байгууллагын маань гол зорилго нь шинээр сонгогдсон орон нутгийн улс төрчдөд сургалт явуулах, тэднийг дадлагажуулах, өөрөө удирдах байгууллагаас сонгогдсон төлөөлөгчид иргэдийн төлөөллийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэдэг тал дээр дадлага сургууль олгох журмаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллага бэхэжсэнээрээ орон нутгийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 / 4
-
2016 оны 10 сарын 06
Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн шинэ захирлыг Засгийн газраас өнгөрсөн Даваа гаригт буюу энэ сарын 3-нд томилсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрайн ач хүү Ж.Хичээнгүй ТОСК-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг хүлээн авч, ажилдаа оржээ. Тэрбээр өмнө нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байхад дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байх үед тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байсан билээ. Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “ЖАЙКА” олон улсын байгууллагаас нийслэлд хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Очи Такэо үйл ажиллагааныхаа явцыг Засаг даргад танилцуулж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа, Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл зэргийг өнгөрсөн хоёр жилд хэрэгжүүлсээр ирсэн юм. Төслийн үр дүнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг 2013 онд УИХ-аар батлуулсан. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль 2015 оны зургаадугаар сард батлагдсан. Цаашид “ЖАЙКА” олон улсын байгууллага Улаанбаатар хотын өрөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилготой ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт болон хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх төслийг танилцуулан үргэлжлүүлэх бодолтой байгаагаа нийслэлийн Засаг даргад илэрхийллээ.
Засаг дарга С.Батболд “Цаашид хамтын ажиллагааны тал дээр ямар боломжууд байна гэдгийг бид илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Энэ хэрэгжиж байгаа төслийг маш өндрөөр үнэлж байгаа. Миний хувьд бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Засгийн газар, Улсын Их Хурлаас гаргасан шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах болно. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд сонгосон 24 байршилд үйл ажиллагаа явуулах эрх авсан компаниудын холбогдох хүмүүстэй уулзсан. Газраа чөлөөлсөн иргэдийг түр шилжин суулгах орон байргүйгээр энэ ажил цаашид явна гэдэг хүндрэлтэй, боломжгүй зүйл. Айл өрхүүд гудманд гардаггүй, үнэтэй сууц түрээслэхгүйгээр байх тийм арга замыг олох хэрэгтэй. Мөн “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл” манай нийслэлд тохирсон, нүдээ олсон зөв ажил байх болно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 06
Булган аймгийн Хангал сумын “Бүрэнгийн нуруу” гэдэг газар иргэн Б энэ сарын 4-ний өдөр самранд явж байгаад модон дунд төөрч сураггүй болсон тухай мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, төөрсөн иргэнийг өчигдөр Сөрт багийн “Сөрт” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
-
2016 оны 10 сарын 06
Уламжлал ёсоор энэ сарын 11-нд “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэнэ. Тус өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхаглаж байжээ. Энэ жилийн олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 14-ний өдөр “Биднийг сонс” II чуулганыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Манай улсад энэхүү өдрийг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс санаачлан хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг гурван төрийн бус байгууллагатай хамтран 2014 онд “Биднийг сонс!” охидын эрхийн анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан юм. Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаархи олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсаар байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Хүйтний улиралтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.