Монголчууд ирэх даваа гарагт төрийн тэргүүнээ сонгоно. Нэлээд халуухан өрнөж буй энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш дуусах учиртай. Харин парламентад суудалтай гурван намын нэр дэвшигчдээс ард түмэн сонголтоо хийх үү, эсвэл гадны иргэнээс мөнгө авсан гэх шалтгаанаар МАХН-ны нэр дэвшигч “унаж” үлдсэн хоёроос сонголтоо хийх үү гэдэг нь тун удахгүй тодорхой болно. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас нэр нь татагдаж магадгүй байгаа гэх С.Ганбаатарын талаар буюу гадны иргэнээс хууль зөрчиж мөнгө авсан гэх хэргийн талаар хэн юу өгүүлснийг багц 24 буландаа онцолж байна.
2017 оны 6 сарын 21. Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг СЕХ-нд гомдол гаргав. СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн ахлах референт н.Баттөр энэ талаар мэдээлэл өгөхдөө “Тус гомдолд С.Ганбаатар нь сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, гадаадын иргэнээс 50 сая воныг хандив авсан байна. Үүнийг шалгаж өгнө үү хэмээн дурдсан байсан. Бас БНСУ-ын иргэн Ю Ван Сүгээс манай байгууллагад хандан өргөдөл ирүүлээд байгаа. Уг өргөдөлд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хандив болгож 50 сая вон өгснөө хүлээн зөвшөөрч, энэ асуудлыг шалгаж өгөхийг хүсээд байгаа юм. СЕХ-нд аливаа гомдол, өргөдөл шалгаж тогтоох эрх мэдэл байхгүй учир эдгээр гомдол, өргөдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэв.
2017 оны 6 сарын 22. МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж нар өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон СЕХ-ны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Нэр дэвшигч С.Ганбаатар нь гадны иргэдээс мөнгө аваагүй бөгөөд дээрх асуудал нь бусад намын явуулга байх магадлалтай гэдгийг МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж онцолсон. Мөн тэрбээр “МАХН энэ удаад ч, өмнө ч сонгуульд оролцохдоо хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. БНСУ-ын иргэн Ю Ван Сү гэгч хэн болохыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоогүй байхад СЕХ олон нийтэд зарласан нь хууль бус үйл ажиллагаа. Энэ бол С.Ганбаатарын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа асуудал. Энэ мэтээр хууль зөрчиж байгаа СЕХ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулж чадахгүй. Тиймээс СЕХ татан буугдах ёстой” гэв.
2017 оны 6 сарын 22. ЦЕГ-аас шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой асуудлаар мөн мэдээлэл өгөв. Тодруулбал, "Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зургаадугаар сарын 21-ний өдөр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хууль зөрчиж байгаа асуудлаар шалгуулахаар албан тоот ирүүлсэн. Хүсэлтийн дагуу гадаадын иргэнээс хандив авч байгаа бичлэгийг шалгасан. Шалгалтын хүрээнд нэр дэвшигч С.Ганбаатараас тайлбар авахаар Дундговь, Ховд зэрэг аймгуудад хүсэлт тавихад татгалзсан. Хандив авч байгаа бичлэг нь тавдугаар сарын 23-ний өдөр С.Ганбаатарын гэрт болсон, ямар нэг засвар эвлүүлэггүй болох нь тогтоогдсон. Мөн бичлэг дээрх С.Ганбаатарын хоолой мөн болох нь тогтоогдсон. Ингээд Баянзүрх дүүргийн Шүүхэд энэ хэргийг шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (23)