Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.19
10
Өдөртөө
-6
Шөнөдөө

Ж.Бэгзсүрэн: Австралид миний гэргийн жороор талх барьдаг айл бий

2011 оны 12 сарын 22
   Гэртээ гадаадын хамгийн олон аялагчийг хүлээж авсан нэг монгол айл Улаанбаатарт бий. Хүлээж авсан жуулчин нь хэдэн зуу болсон энэ айлын тухай бичлэг манай сайтын “Видео” буланд буй. Айлын эзнийг Хар үхэрт Жамсранжавын Бэгзсүрэн гэдэг. Программ хангамжийн мэргэжилтэй, Улаанбаатар хотын нийтийн номын санд ажилладаг түүний гэр бүл жижиг гэртээ зургуулаа амьдардаг. Гаднын жуулчид, аялагч, бизнесмэн, төлөөлөгчийг гэртээ найрсгаар хүлээн авч хонуулж өнжүүлдэг тэрбээр “CouchSurfing” буюу аялагчдыг гэртээ хүлээн авах олон улсын сүлжээний Монгол дахь гишүүн юм.

-Та хэзээнээс “CouchSurfing”-д хамрагдаж эхэлсэн юм бэ?
-Манайх 2008 оны есдүгээр сарын нэгэнд чөлөөт сонголттой номын сангийн үйлчилгээнд албан ёсоор орсон байхгүй юу. Тэнд бэлтгэх ажлыг зундаа хийж байсан юм. Номын сангийн маань нэг уншигч эмэгтэй “Америкаас ирсэн залуу, монгол айлд гурав, дөрөв хонох гэсэн юм аа, танайд байлгаж болох уу?” гэж дүүгээр маань хэлүүлсэн байсан. Тэгээд би нөгөө хүнтэй нь уулзаад  зөвшөөрсөн юм. Долдугаар сарын нэгэн байсан байх.

-Тэр хүн танайд ирээд та “CouchSurfing”-д орсон юм уу?

-Яг тийм биш. Нөгөө хүн маань “Энхтайваны корпус”-ын төлөөлөгчөөр ажиллаж байж. Тэр корпусыг манай номын сантай хамтарч ажиллаж байсан, сайн хүмүүс байдаг гэдгийг дам мэднэ. Тэгээд сайн хүн юм байна гэж бодоод “Чи манай уншигч эмэгтэйг яаж мэддэг юм?” гээд яриан дундуур асуугаад “CouchSurfing”-ийн тухай анх сонссон. Хэрэв тэр хүнтэй уулзаад, яг энэ асуултыг асуугаагүй бол би “CouchSurfing”-ийн тухай мэдэхээргүй өнгөрөх байсан байгаа биз? Тэгээд тэр өдөртөө буюу 2008 оны долдугаар сарын найманд би энэ байгууллагын гишүүнээр бүртгүүлсэн юм.

-Та яагаад гэртээ гадаад хүнийг байлгах, хонуулахыг зөвшөөрсөн юм бэ?

-Би өөрөө өмнө нь долоон улсад очоод үзчихсэн байсан. Энэтхэг, Унгар, Латви, Хятад, ОХУ, Хорват, Америк гээд. Тэгээд тэнд очиход чинь байнга такси бариад явахад мөнгө их гарна, тийм үү? Гэтэл тэнд байдаг шиг манай нийслэлд Нисэхээс 11 дугаарын автобус урдуураа, 22 дугаарын автобус Сонсголонгоороо явчихдаг гэдгийг хүмүүст хэлж өгөх хэрэгтэй. Гадаадад очиход яг ийм зүйл хэрэгтэй байдаг. Өөр уур амьсгал, гоё орчин, шинэ нөхцөлд очиход ямар нэг холбоотой хүн л байвал зүгээр юм байна гэсэн “CouchSurfing”-ийн бодолтой нийцсэн. Энэ байгууллага маань вэбээрээ дамжуулаад аялагчдыг орон нутгийн оршин суугч, иргэдтэй холбож өгдөг байхгүй юу.

-Жуулчлахаар бодож, төлөвлөж байгаа улсынхаа нэрийг бичээд оронгуут тухайн оронд байгаа “CouchSurfing”-ийн төлөөлөгчдийн нэр гараад ирэх нь, тийм үү?

-Тийм, “Where do you want to go?” гэдэг дээр улсынхаа нэрийг бичээд хайчихад асуудалгүй. Гэхдээ хүн гадаад руу яах гэж явдаг юм бэ гэдэг чинь олон янз. Манайхан болохоор бүгд аялал, жуулчлалаар л ойлгоод байдаг. Герман оюутан шууд нислэгээр Шанхайд очиж сурах гэхээр онгоцны тасалбар нь маш өндөр байх жишээтэй. Тэгвэл өөрөөс нь их мөнгө гарах гээд байдаг. Оронд нь галт тэргээр хямдхан явж хүрэх гэхээр тэр галт тэрэг нь Монголоор дамжиж, дунд нь хоёр хонох шаардлагатай болчихдог. Тэр үед хоёр хонох орон байр хэрэгтэй. Эсвэл олон улсын хурал зөвлөгөөнд оролцох гэж байгаа гэтэл байр олдохгүй байгаа хүмүүс ирж болдог.

-Энэ бүхнийг ямар хүн анх эхлүүлсэн юм бол?

-Анх санаачилсан Кэйси Фентон гэдэг америк залуу өөрөө Шотланд ч байна уу, хаана билээ олон улсын хуралд оролцох болж. Тэндэхийн зочид буудалд буух гэтэл маш их мөнгө төлөх гээд байхаар нь шотланд оюутнууд руу мэйл бичиж “Би ийм хүн, танайд ийм ажилтай юм. Танай гэрт хоёр хоног саатаж болох уу?” гэчихээд хариу ч бараг ирэхгүй байх даа гэж суутал тэр сургуулийн бараг бүх оюутан “Би чамайг гэртээ байлгая” гэсэн байдаг. Ингээд Кэйси ажлаа бүтээчихээд Шотландаас буцаж явахдаа энийг олон хүнд хүргэе гэж бодсон гэдэг юм. Ер нь орон нутгийн иргэдтэй холбоо тогтоож чадна гэдэг бол их боломж. Ядаж л жаахан дурсгалын зүйл, дөрвөн шагай аваачиж өгөөд өдрийн хоолоо идчихнэ, хүмүүстэй танилцана, шагайгаар тоглохоо зааж өгөөд оройн хоолонд орчихно, цаашдын аяллынхаа чигийг заалгаад авчихна шүү дээ. Тэгээд одоо бол зорилготой аялал ихэсч байна. Жишээлбэл, бельги залуугийн үүрч яваа том цүнхэнд юу байгаа бол гэж хүмүүс боддог байх. Тэр дотор дүүрэн тоглоомтой явдаг байсан, би мэднэ. Хоёр франц хүн бий, бас л их тоглоомтой. Гудамжинд, вагонд, айлд, ажил дээр ирнэ үү хаана ч байсан тоглоомоо дэлгэж суугаад л сайхан тоглочихоод яваад өгнө.

-Тантай уулзахаас өмнө “CouchSurfing”-ийг та Монголын зочломтгой зан гэсэн агуулгаар нь оновчтой орчуулсан байсан?

-Манай нүүдэлчдийн амьдрал хаалгаа хэзээ ч цоожилдоггүй, ширээн дээрээ халуун цай, ааруул, боорцог таваглаад үлдээчихдэг зочломтгой зан байдал гэж би үнэлдэг. Бидний өнгөц ойлгодог үүргэвчтэй аялагчдыг гэртээ мөнгө төлж хонуулаад эсвэл үнэгүй хонуулаад байдаг энгийн зүйл биш.

-Монголд эдний  төлөөлөгч танаас өөр байдаг уу?

-Байгаа. Гэхдээ би гадаадын хүмүүст тайлбарладаг. Манай бусад төлөөлөгчид яагаад ийм идэвх сул байдаг вэ гэхээр ихэнх залуучууд гэрээсээ тусдаа гараагүй, аав ээжтэйгээ, гэр бүлтэйгээ олуулаа амьдардаг юм. Тэрнээс биш манайх шиг тусдаа гарчихсан байсан бол мэдээж идэвхтэй хүлээж авах байсан гэдэг. Нөгөө талаас бид суурин иргэншилд амьдраад дөнгөж эхэлж байгаа хүмүүс. Хүнтэй яаж харилцах, харилцааны онцлогийг сайн мэддэггүй байх. Би бол гадаадад яваад ирсэн, номын санд ажилладаг хүн болохоор өөр болов уу гэдэг юм.

   Тэгээд анх “CouchSurfing”-д ороод харсан чинь манайд 100 гаруй хүн байсан. Тэдний хориодхон нь монгол, бусад нь гадаад хүмүүс байлаа. Тэгэхээр гадаадын хүмүүс Монголд ирэхэд гадаадынх нь иргэд гэртээ байлгаад, жинхэнэ Монголыг олж харахгүй байгаа байхгүй юу. Хоорондоо ярьдаг зүйлээсээ Монголын гоё юмыг олохгүй буцна шүү дээ. Тэгээд би энэ хүмүүсийн лидер болъё, тэргүүлье, өөрийнхөө жинхэнэ монгол амьдралыг харуулъя гэж шийдсэн.

   Энд орсоноос хойш дөрвөн сар болоод би Элчин сайд гэсэн цол авч байсан. Ингэснээр шууд хайлтад гарч ирдэг бас хүмүүс надад итгэх итгэлийг өсгөөд, хандлагыг өөрчлөөд өгч байгаа юм. Одоогоор 160-170 удаа хүмүүсийг зочлуулаад байна. Нэг удаад 2-3 хүн ирлээ гэж үзэхэд нийт 400 орчим хүн иржээ.

-Та энэ шугамаараа гадагшаа явж байсан уу?

-Зорьж явсан нь бол одоохондоо үгүй. Өөр ажлаар Америк явахдаа Вашингтон хотод Юүжин гэдэг залуугийнд хэд хонож байсан. Бас Балтиморт очихдоо нэг айлд байж үзсэн.

-Сайн дурын, үнэ хөлсгүй ажил болохоор танай гэр бүлд эдийн засгийн үүднээс алдагдалтай байдаг уу?

-Яахав, эхэндээ би ирж байга хүмүүсээс хоолны мөнгө л авдаг байсан. Яагаад гэвэл чи манайд ирээд хоол идэж байна, энэ хоолонд орох зүйлийг мөнгөөр авч байгаа учир та мөнгө төлөх хэрэгтэй гэдэг байсан. Гэтэл “CouchSurfing”-оос захидал ирээд “Санаа чинь бол зөв, гэхдээ албан ёсоор үйлчилгээ болгож мөнгө авах нь буруу шүү” гэсэн юм. Тэгэхээр нь би нөгөө мөнгө төл гэдгээ солиод “Ирээд та манай гэр бүл хоолны асуудалд ямар нэг байдлаар оролцоорой” гээд биччихсэн байгаа. Хоол хамжиж, орц авчирч өгч болно.

-Мөнгийг нь өгч бас болно?

-Тийм, гэхдээ яг өгвөл бид нэрэлхээд авахгүй л дээ. Дээр ярьсан 63 настай швейцарь хүн байна. Бид нар түүнийг өвөө гэж хөөргөөд, явах хүртэл нь нэг ч төгрөг аваагүй. Гэхдээ түүний амьдралынх нь философи агуу санагдаад байдаг. Тэр үзэл, сургаалийг нь 27 үдшийн турш яриулчихсаны төлөө хоолны мөнгө гэж хэдэн төгрөг нэхэх надад утгагүй. “CouchSurfing”-ийн эцсийн зорилго нь ашиг олох биш юм.

-Энэ бүхэн чинь явж явж аялал жуулчлалыг үнэгүй болгох юм биш үү?

-Хүн өөрөө хөгжихөөр нийгэм дагаад хөгжинө гэдэг дээ. 20 жилийн өмнөх юм тэр хэвэндээ л байгаад байна гэж үгүй. Ер нь аялал жуулчлал цаашдаа компанид ашиг авчрах биш хувь хүнд л ашиг тус өгдөг болно. Тэр нь хүмүүсийн нөхөрлөл, итгэл, харилцаа, ойлголцолд тулгуурлах байх.

   Аялагчдыг мөнгөтэй, бага мөнгөтэй гээд хуваадаг юм байна л даа. Их мөнгөтэй нь нөгөө аяллын компаниараа дамжуулаад аялна биз. Харин үүргэвчтэй аялагчид нь хүн дагаад, дагуулаад явж болно. Би бол гадаадаас ирсэн хүмүүс юу үзэхийг хүсдэг, юу харуулах вэ гэдгээ сайн мэднэ.

-Хүмүүсийг гэртээ хонуулаад үлдлээ, танд болон танай гэр бүлд ямар ашиг тус байна вэ?

-Бид нар олон жилийн өмнө орой болгон өвөөгийнхөө, ах нарынхаа, аавуудынхаа яриаг сонсоод суудаг байсан даа. Яг тэр чинь орчин үед гадаадынхныг гэртээ хонуулах л болчихоод байна. Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Хэрэв ингэхгүй ажлаа хийгээд, амьдраад, хүнтэй танилцахгүй 60 нас хүрэхэд хэнд ч дурсагдахгүй үхнэ. Гэтэл өнөөдөр интернэт, технологийн дэвшил бидэнд асар их боломж олгож, “Та дэлхийтэй нөхөрлө” гэж байгаа шүү дээ. Ач холбогдол нь юу вэ гэхээр би дэлхийгээр аялалгүйгээр дэлхийг мэдэж авч байна. Италид очоогүй байж итали хүний үгээр нь яриулаад авч чаддаг. Гадаадынхан гараа сайн угааж чаддаггүй, францчууд маш цэвэрч, чанга инээдэг,  бие засалгүй шууд өглөөний цайгаа уудаг ч гэх юм уу бүгдийг мэдэж авна. Хоёрдугаарт, дэлхийн аль ч улсаас ирсэн бид англи хэлээр л ярьдаг. Тэгэхээр миний хэл сайжирна, дэргэд байгаа гэр бүл маань бас сурч байна. Таван настай охин шагай тоглохыг хүнд англиар заагаад өгчихөж сурсан байна шүү дээ. Гуравдугаарт, Монголыг мэдэх гээд монгол айлд ирчихээд байхад би эх орноо мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Тийм болохоор эх орон, ёс заншлаа дахин судалж байгаа юм. Цаашилбал, өөрийнхөө хобби цуглуулгыг байнга баяжуулдаг. Та юунд баярладаг вэ гэдэг асуултад би “Тоглоом авчирч өгсөн хүнд би баярлана” гэж бичсэн. Тэгээд тоглоом маань баяжаад, цаашдаа би нэг тоглоомын өрөө нээнэ гэж боддог юм.

-З.Түмэн-Өлзий гуай шиг үү?

-Үгүй, Түмэн-Өлзий гуай бол музей нээсэн. Харин би үнэгүй тоглоомын өрөө нээх юм. Мөнгөгүй болохоор та нар цалин хөлсөө яах юм гэж хүмүүс асуудаг. Цалин гэдэг чинь хувцас, хоолоо авах хэрэглээний мөнгө болохоос биш амьдралын гол зүйл биш шүү дээ. З.Түмэн-Өлзий гуайн музей дэлхийд хоёрхон байдгийн нэг нь гэдэг. Тэр яриад байгаа нь АНУ-ын Балтиморт байдаг. Зургаан давхар байшин тэр чигтээ тоглоом. Тэгээд үнэгүй. Зөвхөн тусгай үзэсгэлэнгийн хоёр өрөө л үнэ хөлстэй. Тэнд ямар нь үзэсгэлэн болдог гэхээр хүмүүс шинээр бүтээсэн, сэтгэсэн зүйлээ үнэлдэг. Түүнээс биш аль эрт үед хүний нээсэн зүйлийг дахин үзүүлэхдээ 3000, 5000 төгрөг гээд суух бол байж утгагүй гэж боддог.

   Тэндэхийн юм сайн, эндэхийнх муу гэх гээгүй л дээ. Гэхдээ Монголд сонгодог систем үзүүлье гэхээр байдаггүй. Америкт болохоор үнэгүй музей гээд сонгодог болчихсон зүйлийг үзүүлээд байдаг. Дэлхийн бүх хүн гайхдаг жишээг бий болгоод байна, тэр нь юу гэхээр Гандан руу ороход гадаад хүн мөнгө төлж, монголчууд үнэгүй ордог. Би олон нийтийн хийсэн бүтээсэн, хүмүүсийн татвараар бүтээсэн зүйлийг буцаагаад зарахын эсрэг байдаг.

-Танай номын сан энд бас хамаарах уу?

-Тийм ээ, хамаарна. Номын санг төлбөргүй болгоно гэсэн санааг маань дэмждэг хэдэн хүн бий. Яаж үнэгүй болгодог юм, мөнгө олох хэрэгтэй гэж хэлэх хүн ч байдаг л юм. Үнэндээ бол мөнгө олдог салбар нь тэр мөнгөө олоод яваг, харин хүнийг хөгжүүлэх салбар нь хүнээ хөгжүүлээд л байж байх хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуульд хүн болгон баян, ядуу ямар байхаасаа үл хамаараад суралцаж, боловсорч байна. Үүнтэй адилхан ямар нөхцөлд амьдардаг байлаа ч хамаагүй, сургууль төгсөөгүй байлаа ч гэсэн бүх хүн мэдээллийг авах тэгш эрхийг нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заачихсан байна шүү дээ. Зүгээр нэг заачихаагүй, бид нар хүмүүсээ зөв мэдээлэл, мэдлэгтэй болгож, төлөвшүүлснээр цаашид дайн байлдаан гарахгүй гэж үзсэн байхгүй юу.

-Видео бичлэг дээр танайх гэрт амьдарч байсан. Одоо хүйтэн байна, орон сууцанд оров уу, гэртээ л байна уу?

-Үгүй үгүй, гэртээ байгаа. Францад нэг гэр бүлийн хоёр монгол гэр бариад амьдардаг гэж сонссон. Тэгээд миний хоржин зан хөдлөөд шууд гэр худалдаад авсан. Гадаадад байгаа хүн монгол гэрийг гоё гээд амьдарч байхад би энд муухай гээд байшинд орох ёсгүй байх. Тэгээд ч ер нь байшин чинь өвөл халах гэж их хэцүү шүү дээ. Гэхдээ байшин бариад амьдрахыг буруу гэхгүй л дээ, бичлэг хийлгэж байсан тухайн үед би орон сууц гэдэг утгаар хэлж байсан юм. Яагаад гэхээр хүн бол юм үзэж амьдрах ёстой байх. Өглөө босоод мод тарьж үзэх хэрэгтэй, гал түлж, хашаагаа цэвэрлэж, усанд явж, мал хариулж үзэх хэрэгтэй. Манайх одоо болтол үхэртэй шүү дээ. Тэгээд одоо хөөгдөөд л байгаа. Улаанбаатар хотод амьтан тэжээх нь хэний эрхийг зөрчөөд, ямар хууль зөрчөөд байгаа юм, ойлгохгүй л байна. Гэхдээ би бол энийг эсэргүүцнэ гэж бодож байгаа ч хотын захад л очиж суух байх даа.

-Өглөө, оройдоо автобусаар л явж ир
дэг үү?
-Тийм ээ.

-Та өөрөө машинтай юу?

-Машин байгаа. Нэг “Портер” бий, тэрийгээ хадам аавдаа авч өгсөн юм. Хувьдаа унадаг жижиг машин байхгүй.

-Та гэр бүлийнхээ тухай яриач?

-Би одоо эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. “CouchSurfing” эхлэхэд ч дөрөв байсан, одоо ч дөрөв л байна. Долдугаар анги, дөрөвдүгээр анги, нэгдүгээр анги, ирэх жил бага маань нэгдүгээр ангид орох юм.

-Хашаандаа ногоо тарьж байна уу?
-Одоохондоо үгүй. Германд эко тосгон гэж байдгийг манайд ирсэн эмэгтэй хэлж байсан. Тэнд ямар ч уурын зуухнаас халаадаггүй, бүгд байгалиас гаралтай. Бохир цэвэр ус, халаалт дулаан, эрчим хүч цахилгаан, бие засах газар нь ч байгальд ээлтэй. Монголчууд бид  зах зээлд яагаад орсон бэ гэхээр хүн болгон нээлттэй хөгжье, олон ургальч үзлийг дэлгэе, хүн бүр нээлттэй хөгжье, Европын амьдралын орчинтой болъё л гэсэн байх. Гэтэл өнөөдрийнх шиг дампуу болно, 21 мянга өгдөг болгох гэж хүсээгүй л байхгүй юу. Өндөр хөгжсөн гээд байгаа орнууд бүх зүйлийг үзчихсэн. Гэтэл тэр бүгдийн төгсгөлд нүүдэлчин амьдрал л сайн юм биш үү гэж бодох болж. Хэдэн зуун жилийн өмнө яг л тийм байж байгаад нэг газар буугаад, дайн хийгээд, цайз барьчихангуутаа тэрнийхээ дотор суурин амьдрал эхлүүлсэн байх. Тэгээд хотжоод, хөгжөөд эцэст нь бүгд шал хэрэггүй, дэмий юм гэж мэдсэн байна.

-Эргээд нүүдэлчин болох нь уу?

-Эргээд тийм болох гэхээр жаахан утгагүй болох гээд байгаа учир эко тосгон гэх мэт чамин нэр өгөөд байгаа юм. Үнэндээ бол манай нүүдэлчин амьдрал л байхгүй юу. Гэвч нүүе ээ гэсэн ч газар нутаг алга. Харин монголчуудад юу байна, бүх зүйл байдаг. Бид дэлхийн орнуудаас суралцахын тулд өнөөдрийн төр засагт итгэх хэрэг байхгүй. Өнөөдөр “Өөртөө л итгэ” гэдэг үг газар авч байна шүү дээ. Тэгээд зөв зүйлийг хий. Гадаадын иргэдтэй уулз, сайн ярилц, туршлага судал, юм юмыг хийж үз, турш, тэгж байж технологийн хэрэглээний ашиг тус гарна.

   Эко тосгоноос гадна “CouchSurfing” шиг бас нэг зүйл бий. Ялангуяа Япон улсад хөгжсөн зүйл бол газар тариаланд шинэ технологитой ажиллаад гурван сар ажлын байранд үнэгүй байх. Гэхдээ цалин авахгүй, ажил хийнэ, хоол байрыг цаанаас гаргадаг. Тэгээд тэндээс сурсан зүйлээ энд ирээд хэрэгжүүлэх юм. Түүнийг органик ферм/WWOOF/ гэж нэрлэдэг. Үүнийг л монголчууд яаж ашиглах, энэ систем манайд тохирох уу үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй. Зарим нэг нь үүгээр дамжуулаад гадаадад очдог болох хэрэгтэй болов уу.

-Та органик фермд ажиллахаар гадагшаа явах юм уу?

-Үгүй үгүй, ах нь энд ажилтай шүү дээ. Номын сан гэдэг байгууллагын мэдээлэл солилцох, олж авах газрыг хөгжүүлэх ажилтай. Бүгдэд тэгш нөхцөл хангаж өгсөн байх ёстой. Настай хүнийг 1000-аар ор, хүүхдийг 500 төгрөг төл, залуучуудад 3500-гаар эрхээ нээлгэ гэж болохгүй гэж үздэг. Хүн бүр мэдээлэл авах эрхтэй, түүнийг нь тунхаглачихсан байдаг, гэтэл түүнд нь үнэ хөлсний ялгаа тогтоохын эсрэг байдаг хүн.

-Та Улаанбаатар хотын номын санд хэзээ орж ажиллав? Мэргэжлээрээ хэзээ суралцаж төгссөн бэ?

-Миний мэргэжил бол программ хангамжийн инженер. 1994-1998 онд суралцаж төгссөн. Тухайн үедээ интернэтэд ажиллах хүн мөртлөө өөрөө интернэтэд орж үзээгүй байсан хүн. Одоогийн хүүхдүүд Фэйсбүүк ямар гоё, iPad гоё юм гэж анх мэдэж байгаа шиг интернэт гэдгийг танин мэдэж байлаа. Тэгээд номын санд орох өргөдлөө гаргаж, ажлаа авч байсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ номын санд хийсэн технологийн ажил Ж.Бэгзсүрэнгийн оролцоогүйгээр явсан нь нэг ч үгүй.

-Танай номын санд сүүлийн жилүүдэд их өөрчлөлт гарч байгаа. Нэг орж ирэхэд танхимаа сольчихсон, нэг харахаар номны байрлал өөрчлөгдсөн, дараа нь чөлөөт сонголттой болсон гээд?

-Би өнгөрсөн хугацааны 11 жилд нь энэ номын санг сайхан болгоно гэж боддог байсан. Гэтэл сүүлийн хоёр жилдээ юу бодох болсон гэхээр хүмүүсээс хураамж авч байгаа маань маш том алдаа юм байна гэж үзсэн. Хүүхэд нь номын санд сууя гээд ээждээ хэлтэл “Хэдэн төгрөг гэнэ?” гэхэд “1000” гэж хэлвэл тэр ээж “За, ээж нь номыг нь аваад өгье” гэх жишээтэй. Гэтэл хүмүүсийн өгсөн мөнгийг хурааж хурааж уншигчийн эрх нээлгээд номын санд суух нэг хүн байх. Эсвэл түүгээрээ ном авдаг ч юм уу, энэ мэтчилэн ижил биш байдал байна. Хүн бүр мэдээлэл авах тэгш эрхтэй, тэр эрхийг эдлүүлдэг газар нь номын сан шүү. Тийм ч учраас бид таны татвараас санхүүждэг, хэрэв тийм байж чадахгүй бол та татвар төлөх хэрэггүй юм биш үү гэж эсрэгцүүлэн тавьдаг юм.

   Өнөөдөр интернэтэд орж мэдээлэл авъя гэхээр кафед орж мөнгө төлөх, ажилдаа интернэт холбуулаад мөнгө төлөх, эсвэл найзынхыгаа гуйх гэсэн зам л байна. Гэтэл Төв номын санд үнэгүй интернэт хэрэглэх боломжийг бүрдүүлсэн 20 компьютер байдаг гэнэ. Ийм үнэгүй байдал Хятад улсад 2008 онд бий болж. АНУ гэхэд 1880 онд үнэгүй системд шилжиж. Солонгост гэхэд хүн амьдралдаа нэг л удаа номын санд мөнгө төлдөг. Гэрээр ном авахад хэзээ ч мөнгө төлдөггүй байх жишээтэй.

-Тэгэхээр хүмүүс авч явсан номоо авчирч өгөхгүй байх явдал Монголд ихсэх байх даа?

-Номын сан гэрээр ном  өгөхдөө иргэний үнэмлэх авч үлдээд байгаа. Хүн сайн муу зөндөө л байна л даа. Цагдаа нараар тэднийг бариулах гэрээ, хамтын ажиллаагааг л хийчих хэрэгтэй. Ном байтугай том хулгай хийсэн хүмүүсийг бариад л байгаа биз дээ. Монголчууд бие биедээ итгэхгүй байгаагийн шинж. Аль эрт 1980-аад оны хүнд хэцүү үед үүссэн тогтолцоо, итгэхгүй байгаа энэ үзэгдлийг өнөөдөр болиулах хэрэгтэй. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй дээ. Гэрээр ном авах ямар ч шалтгаан байж болно. Заавал номын санд сууж унших биш эсвэл гэртээ байгаа хүнд үзүүлчихье гэж болох шүү дээ. Тэгэхэд нь үгүй чи заавал эндээ л унш гэж болохгүй.

-Номын санд ажиллаж байгаа хүмүүсийг их ном уншдаг байх гэж боддог. Та хэр их ном уншдаг вэ?

-Би уншдаггүй ээ. /инээв/

-Ерөөсөө уншдаггүй юм уу, зав гардаггүй юм уу?

-Завтай ч холбоогүй юм аа. Миний бодлоор бол ном унших хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдээд байгаа юм. Ганцхан ажлын зохион байгуулалт дотор ном унших цаг гаргадаггүй. Юм хийхэд цаг гаргах хэрэгтэй биз дээ, гаднынхан бол метрондоо суухдаа уншдаг л гэдэг юм. Бид ямар чихэлдсэн автобусандаа уншилтай биш. Би бол 10 жилийн дотор ажлын шаардлагаар ганц хоёр ном л эргүүлж харсан байх.

   Заримдаа хүмүүс интернэт гарчихсан байхад ном уншаад яадаг юм гээд байдаг. Би юу гэж боддог вэ гэвэл бид аливаа зүйлийг төлөвлөж сураагүй байхгүй юу. Яг түүний адилаар ажлын найман цагтаа хэдэд нь би юу хийж, алийг амжуулах гэдгээ тооцох ёстой. Бидний төлөвлөгөөнд орхигдсон бас нэг зүйл бол эрүүл мэндэд гаргах цаг юм. Яахав, цаашдаа бид төлөвлөж сурна  л даа.

-Ер нь номыг хэн уншиж байна, яаж уншиж байна вэ?

-Наад асуудал чинь чухал. Хүмүүс бүгд завгүй компьютерын ард байдаг юм бол тэр компьютероор нь дамжуулаад номын клуб байгуулчихъя. Ингэж шийдээд Фэйсбүүкт ном сонирхогчдын клуб байгуулсан. Гадаадад номын клубт оролцогч уншсан, үзсэн зүйлээ гаргаж ярилцаж байж улам хөгждөг. Тэгээд ойлгосон ч юм шиг, ойлгоогүй нь ч мэдэгдэхгүй өнгөрдөг байх явдал үгүй болно шүү дээ. Орчин үед бид юмыг уншаад нэг үзэх, ороод нэг гарах, хараад өнгөрөх биш дотор нь оролцож явах нь илүү чухал. Тэгээд номын клуб маань ажиллаад эхэлж л байна даа. Тэгээд ажилдаа зөв буруу гэх үнэлгээ өгөхөөс илүү ач холбогдол нь сайн муу эсэхийг дүгнэх ёстой. Энэ бүхнээ хүн бие биендээ ярьж хөөрч, баярлаж байж амьдралаас сайхан зүйлийг нь мэдэрдэг шүү дээ. “Алтан гадас” авчихлаа гээд баярлаж, таашаал авдаг шиг л юм. Ингээд хүмүүс чинь хамтдаа суралцаж байж хөгжинө, ганцаараа байвал тогтоол ус өмхийрнө гэдэг шиг болох байх.

-Та саяхан номын сангийнхаа 90 жилийн ойгоор шагнуулсан гэж байсан?

-Тийм тийм, би ер нь хэдэн медальтай л даа. Миний сэтгэл зүрхээ гарган ажилласны маань үр дүн энэ юм. “Оскар”-ын шагнал авч байсан нэг жүжигчин “Миний ээжийг төрүүлсэн эмээдээ баярлалаа” гэж хэлсэн байдаг. Тэр хүн бол хийсэн юмаа үнэлүүлэх юм хийсэн болоод шагнал авч байгаа байхгүй юу. Хүмүүс улс орон маань намайг үнэллээ гээд байдаг даа. Уг нь бол тэр хүн хийсэн ажлаа үнэлүүлж байгаа хэрэг боловч энийг барагтай л бол хүмүүс хэлдэггүй юм. Би бол хэлнэ. Яахав зарим хүн наад одонг чинь авахгүй гэдэг ч ийм зүйлийг хүндэтгээд, авъя гэдэг. Үүний цаана хүнд урам хэрэгтэй байхгүй юу. Төр засаг тэр урмыг одон медалиар л төлөөлүүлээд байгаа юм уу гэж боддог юм.

-Та бол одоо төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил хийж байна. Хүмүүс төрийн албаны ажил уйтгартай, нэгэн хэвийн байдаг гээд байдаг. Үнэхээр тийм байна уу?

-Би ингэж тайлбарлах дуртай. Юу гэхээр, хүн ажилдаа дурлаагүй бол тэгж хэлдэг. Даргын хийгээрэй гэснийг гүйцэтгэхдээ удирдлагын хэлсэнээс давуулж, илүү гаргаж хийх ёстой байхгүй юу. Намайг энэ компьютер засаарай гэсэн бол би зүгээр нэг засаад өнгөрөх биш ийм эд анги гэмтсэн, эвдэрсэн байсныг би тэр компаниас авчирч, солиод, засаад, ийм программ суулгалаа гэж тус бүрт нь түүх биччихсэн байвал дурлаж хийсний шинж. Тэр ажлынхаа амт шимтийг мэдэрч л хийх ёстой. Би өнгөрсөн 13 жилийн хугацаанд энэ ямар уйтгартай ажил вэ, муухай юм аа гээгүй. Яагаад гэвэл өдөр бүр технологи хөгжиж, өдөр бүр номын санд маань бүртгүүлж байгаа хүний тоо өсч байна шүү дээ. Өөрөө түрүүлж өөрчлөлтийг мэдрэх, уриалахыг л ажилдаа дурлах гэж байгаа  юм. Энийг л гаргаж чадахгүй бол хамгийн гоё ерөнхийлөгч боллоо ч хэцүү л байна. Маш гоё хангамжтай, тансаг байлаа гээд дурлаагүй л бол долоо хоноод тэрнээсээ уйдах болно. Гэтэл ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээрээ зүтгэвэл дэргэдэх харуул хамгаалалт, ёс жаягийн тээртэй зүйл юу ч биш байхгүй юу.

-Таныг өдөр бүр хийсэн ажлаа бичээд, жилийн тайлангаа гаргасан байсан. Их зохион байгуулалттай хүн юм аа гэж бодож байлаа.

-Энэ төрийн үйлчилгээний байгууллагад би ийм шинэ зүйл нэвтрүүлье гэж боддог юм. Хувийн компанид бол хэнийг яаж ажиллуулаад, юу хийлгэхээ бол мэднэ. Хэнийг оруулаад хоёр сар ажиллуулаад гаргахаа бас мэднэ. Тэнд бүх зүйл нь тодорхой, хатуу заасан байгаа. Би хувийн компанид орвол захирлаас нь илүүг сэтгэж, алмайруулна гэж боддог. Гэхдээ би яагаад хувийн байгууллагад орохгүй байна вэ гэхээр би энд номын санг төлбөргүй болгох зорилго тавьчихсан байна. Тэгээд энэ бүхний төлөө хийсэн ажлаа би өдөр бүр бичдэг. Хэнтэй уулзаж, хаана очиж, юу авчирч, ямар асуудал тавьж, хэнтэй ярилцлага хийсэн гээд бүгдийг нь бичнэ. Энэ жил 12 дугаар сар дуусахад би Word-ын файл дээр 320 хуудас тайлан гаргачихаж. Эндээс би улирлын тайлан, жилийн эцсийн тайланг тоймлож гаргахад амар байдаг л даа. Жилийн тайлангаа гаргах гэж бүтэн жилийн юм бодож, долоо хоногийн ажил алдахгүй, хагас өдөр суугаад л тайлангаа гаргачихдаг болохоор их хэрэгтэй зүйл шүү.

   Нөгөө талаас татварын мөнгөөр санхүүжиж ажиллаж байгаа тул бүх зүйл нь ил байх ёстой гэж бодоод энэ жилийнхээ тайланг би интернэтэд тавьчихсан юм. Татвар төлөгч ямар ч иргэн “Чи миний төлсөн мөнгийг аваад юу хийгээд байна” гэдгийг мэддэг байх хэрэгтэй гэж би бодсон л доо. Надтай адилхан хэдэн хүн ингэж тавих нь вэ гэж би харж байгаа. Өөрчлөлтийн салхи гэдэг зүйлийг ингэж бид бага ч атугай үлээх хэрэгтэй. Магадгүй өөр том салхи ирээд үлээсэн галыг маань унтрааг л дээ, гэхдээ үлээхгүй суувал би өөрөө тогтоол ус болчих гээд байна шүү дээ.

   Саяхан би нэг ёслолд оролцоод дипломатч Ж.Жаргалсайхан гэдэг хүний үгийг сонссон. “Ардчилал гэдэг бол ил тод байдал, олон ургальч үзэл” гэсэн юм.

-За танд их баярлалаа. Манай сайт “Холбоотой байя” гэсэн уриатай. Цаашдаа тантай илүү холбоотой байя гэж бодож байгаа, амжилт хүсье.


   Тэрбээр “CouchSurfing”-той амьдралаа холбосноор дэлхийг явж мэдэх биш дуудан ирүүлээд мэдэх болсон гэж хэлж байлаа. Түүний ярьсан зарим сонирхолтой явдлуудыг хүргэе.


-Финлянд эмэгтэй ирээд анх манай гэр бүлд iPad гэдгийг үзүүлж байлаа.

-Миний гэргийн жороор талх барьдаг австрали гэр бүл бий.

-Францын хос залуус байна. Гэр бүл болж хуримаа хийхээс өмнө аялал хийдэг. Тэр нь Европ тив дотроо байсан ч болно, Африк руу явчихаад хуримласан ч чадна, зарим нь Ази тивд ирдэг. Аялал жил, хагас жил үргэлжлээд эцэст нь бие биеэ илүү мэдээд гэрлэдэг. Одоо манайд ирж байсан хүмүүс хүүхэдтэй болоод, зургийг нь илгээдэг юм.

-Швейцарь улсыг бид мэддэг, тийм үү? Монголын Швейцарь бол Хөвсгөл юм аа гээд ярьдаг. Тэндэхийн хүмүүс эелдэг, дөлгөөн, соёлч боловсон, сайхан баян чинээлэг гээд л мэднэ. Гэтэл тэнд хувийн байшинтай хүн бараг байхгүй. Манайх шиг лизингээр байраа аваад, төлсөөр байгаад өөрийн болгоё гэдэг систем аль хэдийнэ Швейцарьт байхгүй болчихсон. Яахав цөөн хэдэн хэт баячууд нь хувьдаа байшинтай л даа, гэхдээ нийтээрээ бол хөлсний байранд л амьдардаг. Хэн ч байшингаа худалддаггүй, зардаггүй. Зөвхөн түрээсэлнэ. Чи амьдралынхаа туршид түрээсийн мөнгө төлнө, тэр мөнгийг олох гэж өдөр шөнөгүй зүтгэж ажилладаг. Энэ зовлонгоос ангижрах гэсэн 63 настай өвөө манайд ирж байсан.

-Австриас хоёр хүн ирлээ л дээ. Өмнө нь найз болсон австри залуу надад өгнө гэж байсан нөүтбүүкээ тэр хоёроор явуулчихсан байсан. Тэгээд ирсэн хоёрын нэг нь түр ажлаар буцаад явчихаад ирэхдээ аавынхаа зоосны цуглуулгыг надад авчраад өгч байгаа юм. Миний зоосны цуглуулгыг харчихаад явсан хэрэг. Бас орос найз маань Хятадын өмнөд мужаас худалдаж авсан “Нэг доллар” гэсэн Монголын алхан хээтэй дөрвөн зоосыг “Чи цуглуулдаг юм байна, май хө” гээд өгчих жишээтэй.

-“CouchSurfing”-ийн шугамаар ирж буй хүмүүст зориулж тусдаа өрөө бэлдэж болохгүй. Цаад утгаараа хүмүүс бие биенийдээ ирээд, танилцаж, харилцаад, нөхөрлөөд, зочлоод явах тухай юм. Гэтэл саяхан европчууд нэг удаа “CouchSurfing”-ийнхонд зориулаад тусдаа байр бариад өгчихөж. Түүнийг нь хүмүүс эсэргүүцээд болиулсан. Яагаад гэвэл энэ бүхний утга чинь нэг үнэгүй байранд хоёр хонох тухай биш юм.

-Нэг удаа би Шанхайд суралцахаар Европоос ирж байгаа найман хүнийг гэртээ аваачих боллоо. Тэгсэн яг тэр өдөр Америкаас гэр бүлийн хоёр ирэх байсныг нь мартчихаж. Ингээд эхлээд найман оюутнаа автобусаар авчихаад, нөгөө хоёрыгоо аваачих боломжгүй болчихоод өөр газар хүргэж өгсөн юм. Тэрнээс хойш би өнөөдрийг хүртэл тэмдэглэл хөтөлж байгаа. Ингээд миний “CouchSurfing”-ийн хуудас дээр тэр хүний бичсэн нэг л сөрөг мэдээлэл байгаа. Харин сайн хандлагатай мэдээлэл 130 гарчээ.

   Өнөөдөр 12 дугаар сарын 22, түүний төрсөн өдөр. Түүний гэртээ зочлуулж байсан хоёр англи хүний нагац эгч нь Ж.Бэгзсүрэнд төрсөн өдрийн мэндчилгээ ирүүлжээ. Үнэндээ тэр хоёр бие биеэ танихгүй ч, гэрт ирж байсан залуусаар дамжин танил болсон байна.

Ярилцсан Б.Ганбилэг
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан