Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 54.4 хувь буюу 11670.8 мянга нь төллөж, 11500.2 мянган төл буюу 25.3 мянган ботго, 92.2 мянган унага, 299.0 мянган тугал, 5895.6 мянган хурга, 5190.0 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.2 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна.
Том малын зүй бусын хорогдол 170.2 мянга байгаа нь оны эхний нийт хорогдлын 0.3 хувийг эзэлж байна. Хорогдлын дотор өнгөрсөн цас, шуурганы улмаас Булган, Төв, Өвөрхангай, Увс аймгуудад нийт 113.9 мянган мал хорогдсон, зүүн аймагт гарсан түймрийн улмаас Сүхбаатар аймагт 20 гэр, 40 өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, 1599 толгой мал, 7 бүл зөгий шатсан байна. Улсын онцгой комиссын ажлын хэсэг зүүн 3 аймагт ажиллаж байна. Хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 18, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд говь талын нутгаар, 21-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурахаар байгаа тул малчид, ард иргэд 18, 21-ний өдрүүдэд хол замд гарах, малаа бэлчээрлүүлэхгүй байх, гал түймрийн аюулаас болгоомжилж үнс, нурам, тамхины ишийг дутуу унтрааж хаяхгүй байх зэрэг өөрсдөөс хамаарах урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч анхааралтай байхыг сануулж байна хэмээн ХХААЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна.