Иргэдийн эрүүл амьдрах орчинг сайжруулах, байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээх, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бямба гарагт буюу 04 дүгээр сарын 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1858 аж ахуй нэгж байгууллага, 6650 гаруй иргэн, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хороо тус бүрт 10-20, нийт 300 иргэнийг урамшуулал олгон шуудай, бээлий, багаж хэрэгслээр ханган эзэнгүй талбай, далан гуу жалга, хогийн цэгийн хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна.
Цэвэрлэгээний үеэр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж, Сүхбаатар тохижилт ХХК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Улаанбаатар шинэчлэл ХХК, Алтан дорнын хүч ХХК, Цүзүки-Юмэ ХХК-ний хог тээврийн нийт 46 хог тээврийн машин, 2 ковш уртасгасан цагаар ажиллаж нийт 460 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэлээ.
Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг бүрэн хангалттай цэвэрлэсэн байна.