Тээврийн прокурорын газар Монголын Даатгал компани хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран зам тээврийн осол хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирлыг тогтоох хууль эрх зүйн орчин, хохирол тогтоож байгаа байдал, цаашид анхаарвал зохих асуудлын талаар хамтарсан сургалт зохион байгуулжээ.
Зам тээврийн осол хэргийн улмаас учирсан хохирлыг тогтооход тухайн тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулж ямар эд ангиуд эвдэрч гэмтсэн болох эдгээр эвдрэл гэмтэл нь уг ослын улмаас үүссэн эсэхийг оношлогооны байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр хохиролыг бодитой тогтоож байх, хохирол тогтоох ажиллагааг шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд үнэлж хариуцлагатай үнэн зөв тогтоож байх талаар анхааруулсан байна.
Түүнчлэн Улсын Дээд Шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 тоот тогтоолд дурьдсан шууд болон шууд бус хохирол гэсэн ойлголтонд юу хамаарах талаар харилцан хэлэлцэж цаашид анхаарах асуудлаар зөвлөгөө өгчээ.
Сургалтанд Даатгалын хохирол үнэлэгч компаниудын мэргэшсэн үнэлгээчид хамрагдсан байна.
Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо нь нийт 21 гишүүн байгууллагатай, Монгол улсын хэмжээнд байгаль цаг уур, гал түймэр авто осол, бусад эрсдлийн улмаас иргэн аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохиролыг иргэн аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүхийн шийдвэрээр хууль зүйн дагуу, бодитой үнэн зөв тогтоох зорилго бүхий төрийн бус байгууллага юм.