Завхан аймгийн прокурор Н.Доржсүрэн, хяналтын прокурор Ч.Алтансүх нар нь Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргийн шинжтэй гомдол, хүсэлт мэдээллийг иргэдээс хүлээн авах, зарим асуудалд мэдээлэл өгөх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд тус аймгийн урд чиглэлийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон сумуудын ард иргэдтэй уулзаж Прокурорын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт, 2014 онд аймгийн хэмжээнд гарсан гэмт хэрэг тухайн сум, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, үзэл баримтлал, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцуулах талаар мэдээлэл хийж гарын авлага, материал тараан ажиллажээ.
Энэ ажлын хүрээнд иргэдээс гаргасан гомдол, хүсэлтийн дагуу холбогдох материалтай танилцаж газар дээр нь хариу өгч, сумдын хэсгийн төлөөлөгчийн шалгаж байгаа гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгтэй танилцаж хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдал гаргахгүй байх талаар заалт чиглэл өгчээ.
Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хууль сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Амар тайван амьдралын төлөө” нэртэй “Дэвжээ” тэмцээнийг сум бүрт зохион байгуулан шалгарсан баг хамт олныг шагнаж урамшуулжээ.