Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат 29 настай эрэгтэй боомоор өвчилсөн байж болзошгүй тул сорьцын шинжилгээ илгээн шинжлүүлэхэд боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдсан байна. Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг байна. Боом өвчнөөр хүн төдийгүй бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөх эрсдэлтэй. Боомын халдварыг цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул хүнд тараадаг аж. Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг юм байна.