Говьсүмбэр аймгийн прокурорын газар “Хүний биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийн шийдвэрлэлтийн байдал”-ыг судлан дүгнэлт хийжээ.
Судалгааны дүнгээс үзэхэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлд “Согтуурал буюу мансуурлын байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан байхад тус аймагт 2014, 2015 онуудад согтуугаар, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн дийлэнх хувийг прокурорын хяналтанд шатанд “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, учруулсан хохиролоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгаж, хохирогч яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “Согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол шүүх ял шийтгэл оногдуулахдаа “хүндрүүлэх нөхцөл байдал” болгон харгалзан үздэг тул согтуурсан үедээ хөнгөн гэмт хэрэг санаатай үйлдсэн, этгээдэд холбогдох хэргийг прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Судалгааны дүнг үндэслэн согтуугаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг шалгахдаа анхаарах асуудлын талаар хойшлуулашгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд болон хэрэг бүртгэгч нарт Аймгийн прокурорын газраас зөвлөмж боловсруулж хүргүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/