Катарын Доха хотноо өнөөдөр бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визаны зөрчлийн улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар барилдахаар болсон.
Учир нь Азийн аваргад бүтэн багаар оролцож байж ирэх намар болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, манайхан Дохад 74, 97, 125 кг-ын жинд тамирчнаа барилдуулахгүй бол ирэх намар ЛасВегаст болох ДАШТ-д эдгээр жинд бөхөө илгээх боломжгүй болох байсан юм.
Тиймээс манайхан хэцүү байдалд орохгүйн тулд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, 97 кг-д шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, 125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр нар барилдахаар бүртгүүлсэн юм.
Харин саатуулагдсан тамирчдын хувьд өнөөдөр Бээжингээс ирэх аж. Тэднийг ирсэний дараа ирэх даваа гарагт Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэл хийх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/